Барилгын материалын шинжилгээний лабораторитой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-10 12:33:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Барилгын материалын шинжилгээний лаборатори”-той болж энэ сарын 9-нд нээлтээ хийлээ.

Тус лабораторийг Орон нутгийн хөгжлийн сангийн 54 сая төгрөгийн хөрөнгөөр байгуулжээ. Лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, ахмад инженер Б.Базардар, А.Бямбаа нар болон бусад албаны хүмүүс оролцжээ.

Тус лаборатори нь 47 төрлийн тоног төхөөрөмжтэй бөгөөд 30 гаруй төрлийн шинжилгээг хийх хүчин чадалтай. Барилгын материалын лаборатори ашиглалтад орсноор орон нутагтаа чанар аюулгүй байдал хангасан барилгын материал үйлдвэрлэн, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал нэмэгдэж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дадлага хийх орчин бүрдэж байгаа ажээ.

Нээлтийн үеэр Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Сүүлийн таван жилд улсын болон орон нутгийн төсөв, бусад төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгөөр олон арван барилга байгууламжууд баригдлаа. Өнгөрсөн онд улсын төсвийн 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг барилга, байгууламжийн бүтээн байгуулалтын салбарт зарцуулсан бол 2019 онд улсын төсвөөс 23,4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж энэ онд ашиглалтад орохоор Дэрэн, Дэлгэрхангай сумын 320 суудалтай сургуулийн барилга, Эрдэнэдалай сумын эмнэлгийн барилга, Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэгийн барилга, Цагдаагийн хэлтсийн барилга, Өлзийт сумын соёлын төвийн барилга хүлээгдэж байна.

Мөн ирэх онд ч гэсэн гадаадын зээл тусламж болон улсын төсвийн хөрөнгөөр барих олон ажил хүлээгдэж байгаа. Энэ их бүтээн байгуулалтын ажлын чанарыг барилгын материалын лабораторигүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Иймд орон нутгаас барилгын материалын лабораторийг байгуулахад ихээхэн дэмжиж ажилласан.

Цаашид бетон үл эвдэх сорилын болон арматурын байрлал, диаметр тодорхойлох багажтай болгох, барилгын талбайд судалгаа туршилт хийх боломжийг бүрдүүлэх талаар анхаарч ажиллана” гэсэн юм. 

Холбоотой мэдээ