Орон сууцыг түрээслээд өмчлөх загвар олон оронд үр дүнгээ өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-14 14:22:40
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо болж буй Азийн хотуудын орон сууцны IV форумд Азийн зургаан орны орон сууцны байгууллагын төлөөлөл болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, хувийн хэвшлийнхэн оролцож байна. Форумаар хотын нийтийн орон сууцыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн  орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцож байгаа юм.


Азийн орон сууцны форумыг анх 2016 онд БНСУ-ын Сөүл хотын орон сууц, олон нийтийн корпорацаас санаачлан зохион байгуулж байжээ. Харин дөрөв дэх удаагийн форумыг НОСК Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, тулгамдаж буй асуудал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 



Энэ үеэр халамжийн орон сууц, түрээсийн орон сууцны чиглэлээр 100 гаруй жилийн туршлагатай Парис хотын орон сууцны байгууллагын төлөөлөл хуучин цэргийн ангийн барилга байгууламжийг халамжийн орон сууц болгон ашиглах талаар илтгэл тавих юм. Түүнчлэн Бээжин, Бангкок хотын төлөөллүүд түрээслээд өмчлөх загвар, орон сууцны хамгааллын бодлого энэ чиглэлээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар өөрсдийн туршлагаас хуваалцах аж.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: “Манай улсад орон сууцны хөтөлбөрийг олон янзаар хэрэгжүүлж ирсэн. Эдгээр хөтөлбөрт цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулсан ч үр дүн бага байсан. Иргэд орон сууцанд орохын тулд, үр хүүхэд хэдэн үеэ барьцаалах шахам ордог байсан. Энэ үйл ажиллагааг зөв голдиролд нь оруулахын тулд НОСК-аар дамжуулан зөв бодлого хэрэгжүүлж, богино хугацаанд чанартай орон сууцаар иргэдийг хангахыг зорьж байна. Заавал төлбөрийн дарамт үзүүлэхгүй, барьцаа төлбөргүйгээр түрээслээд өмчилдөг, түүнийгээ зах зээлийн зарчмаар худалдаж авдаг системийг нэвтрүүлнэ. Засгийн газраас баталсан 150 мянган айлыг орон сууцтай болгох хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид 55 мянган айлыг орон сууцжуулах юм. Орлогод нийцсэн орон сууц гэдэг хямдхан гэсэн үг биш, харин орлогодоо нийцүүлэн түрээслээд өмчлөхийг хэлж байгаа юм. Нэг орон сууц барьсан бол нэг хашаа чөлөөлөгдсөн байх ёстой, нэг айл орон сууцанд орсон бол яндангийн тоо нэгээр цөөрсөн байх ёстой гэсэн бодлогыг хатуу баримталж байна. Нэг сарын өмнө бид 10 мянган айлын орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийг УИХ-аар шийдвэрлүүлсэн. Ирэх хавраас энэ ажил хэрэгжиж эхлэх бөгөөд дадлага туршлага, чадвартай барилгын компани, ААН-үүдтэй хамтарч ажиллана” гэлээ.



НОСК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар: “Орон сууцыг орлогодоо нийцүүлэн түрээслээд өмчлөх загвар олон оронд хэрэгжиж үр дүнгээ өгсөн. Азийн хотуудад энгийн түрээс хамгийн өндөр эрэлттэй байдаг бол монголчуудын хувьд өөрсдийн өмчтэй болох сонирхол их байна. Тиймээс бид өмчлөлийг төрөлжүүлэхийг зорьж байгаа. Түрээслээд өмчлөх орон сууцанд хамгийн түрүүнд гэр хорооллын инженерийн дэд бүтэцгүй айл өрхийг хамруулах хэрэгтэй. Ингэснээр агаар, хөрс, усны бохирдлын асуудлыг шийдэх боломжтой. Ипотекийн зээлд хамрагдахыг хүсэж байгаа 35 мянган иргэн байгаа учир энэ зээлийн бүрмөсөн зогсоож болохгүй” хэмээлээ.


НОСК Улаанбаатар хотын орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг улирал тутам шинэчлэн гаргаж орон сууцны нэгдсэн мэдээллийн санг байгуулан орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэлжүүлдэг. Түүнчлэн дэлхийн томоохон хотууд тэр дундаа уур амьсгалын хувьд, ижил төстэй Азийн хотуудын орон сууцжуулах туршлагыг судалж хамтын ажиллагааг эхлүүлээд байгааг албаны хүмүүс хэллээ.







Холбоотой мэдээ