Улаанбуудайн болц оройтсон ч ургац харьцангуй өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-14 17:19:59
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны ургац хураалтын явцтай танилцаж дүн шинжилгээ хийх ажлын баг өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллалаа. Энэ сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 51 хувь,  хүнсний ногооны хураалт 80 хувьтай үргэлжилж байна.


Энэ жил улсын хэмжээнд нийт 512 мянган га-д тариалалт хийжээ. Үүнээс 364 мянган га-д үр тариа, 340  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан байна. Харин урьдчилсан балансаар 441 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 176 мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн  тосны ургамал, 80 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах тооцоо гарчээ. Энэ сарын 11-ний байдлаар 233 мянган тонн үр тариа, үүнээс 227 мянган тонн улаанбуудай, 167 мянган тонн төмс, 70 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 51 хувь, хүнсний ногооны хураалт 80 хувь, төмсний хураалт 90 хувийн явцтай байна.

Төв аймгийн хувьд  энэ жил 69702 га-д үр тариа , 7825 га-д төмс, 1164 га-д хүнсний ногоо, 11540 га-д тэжээлийн ургамал, 18382 га-д тосны ургамал тус тус тариалжээ. Энэ сарын 14-ний байдлаар үр тарианы хураалт 37 хувь, төмс хураалт 95 хувь, хүнсний ногооны хураалт 87 хувь, тэжээлийн ургамал 66 хувь, тосны ургамлын хураалт 30 хувтай байна. 


Төв аймгийн ХААГ-ын дарга Б.Жамбалдорж: "Ургацын болцоос хамаараад ургац хураалт оройтож эхэлсэн хэдий ч манай аймгийн хувьд цаг агаар харьцангуй тааламжтай байж, үр тарианы болц гүйцлээ. Бид ургац хураалтын ажилдаа шуурхайлан ороод байна. Энэ жил Төв аймгийн тариаланчид га-аас дунджаар 12 ц, зарим газраар 20-25ц ба түүнээс дээш ургац авч байна. Ойрын 10 хоногтоо ургац хураалтаа шуурхайлж, түрүүлж дууссан аж ахуй нэгжүүд бусдадаа техник хүн хүчээр туслах ажлыг зохион байгуулж байна" гэлээ.

Дархан-Уул аймгийн ХААГ-ын дарга З.Нэргүй: "Манай аймгийн хувьд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 112 аж ахуйн нэгж, иргэн, төмс хүнсний ногооны 32 аж ахуйн нэгж, 3200 иргэн 34.5 мянган га эргэлтийн талбай эзэмшин ажиллаж байна. Ургацын урьдчилсан балансаар нийт 21 мянган га талбайд тариалалт хийснээс 1.4 мянган га талбай ургац алдаж 19.6 мянган га талбайгаас ургац хураан авна. Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжтай байгаа тул хураалтын ажил хэвийн үргэлжилж байна. Энэ сарын 11-ны байдлаар ургац хураалт 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс төмс хураалт 93 хувь, хүнсний ногооны хураалт 63 хувь, үр тарианы хураалт 66 хувтай байна" гэв.

Сэлэнгэ аймгийн ХААГ-ын дарга Б.Мөнхтөр: "Энэ сарын 14-ний байдлаар аймгийн хэмжээнд 66 мянган га талбайгаас 80 мянган тонн улаанбуудай хураан авлаа. Улаанбуудайн хураалт 47 хувьтай байна. Тосны ургамал  3.5 мянган тонн тосны ургамал, 1.4 мянган тонн тэжээлийн ургамал, 27 мянган тонн төмс, 24 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа. Цаг агаар харьцангуй хүйтэрч эхэлж байгаа учраас цаашид болц хүлээлгүй аймгийн хэмжээнд ургац хураалтыг шуурхайлж эхэлсэн" гэлээ.

Өнгөрөгч жилийн өвөл цас багатай хөрсний чийг муу байсан төдийгүй бороо оройтож орсноос шалтгаалж зарим нутгаар тариалалт хугацаанаасаа хожимдож эхэлсэн. Тиймээс тариа, ногооны болц гүйцэхгүй, тарианы чанар шаардлага хангахгүй байх эрсдэл учирч болзошгүй байсан юм.


Монгол улсын гавьяат агрономич Г.Даваадорж: "Бидний санааг зовоосон хоёр асуудал байлаа. Хамгийн эхлээд болц оройтсон тарианы чанарын асуудал. Газар дээр нь танилцаад явахад энэ жилийн үр тариа хэдийгээр хорчгор байгаа ч чанарын хувьд харьцангуй сайн цавуулаг нь 25-30 хувьд хүрч байгааг гурилын үйлдвэр, мэргэжлийн лабораториудын дүн шинжилгээ харуулж байна. Энэ нь гантай жил био бордоог сайн хэрэглэсэн мөн намар урт болж цаг агаар тааламжтай байж, үр тарианы болц яг гүйцээд ирэхтэй зэрэгцээд тариа хөлдсөн нь цавуулгыг хадгалж үлдсэнтэй холбоотой байна. Өөр нэг санаа зовоож байсан асуудал нь үр тарианы гүйцэд болсон эсэхээс гадна чийгийн хэмжээ өндөр байх магадлал байлаа. Бид 10-аад ААН-ийн тариалангийн талбайгаар орж үзлээ. Ингэхэд чийгийн хэмжээ санаа зовохуйц хэмжээнд биш, өөрөөр хэлбэл сайн хатсан байна. Одоо үлдэж байгаа хугацаанд ургац хураалтаа маш сайн зохион байгуулалттайгаар богино хугацаанд ойрын долоо хоногтоо түргэн шуурхай хураах асуудал маш чухал юм. Зарим нэг болц гүйцээгүй байгаа талбай цаг агаарыг харзнасан байдалтай байна. Энэ нь эрсдэлтэйг бид хэлж зөвлөлөө" гэв.




Холбоотой мэдээ