МУИС анх удаа судалгааны тэтгэлэг олгоно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-15 17:09:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад МУИС анх удаа “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлсэн залуу эрдэмтдэд судалгааны тэтгэлэг олгохоор боллоо.

Судалгааны их сургууль болох зорилгынхоо хүрээнд, тус сургуулийн профессорын судалгааны ажлыг дэмжих, авьяаслаг залуу эрдэмтдийг судалгааны ажилд оролцуулах зорилгоор уг тэтгэлгийг олгох юм. Шалгарсан эрдэмтэн хагас жилийн хугацаанд сар бүр МУИС-ийн ахлах багшийн цалинтай тэнцэхүйц тэтгэлэг авах аж.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд пост-докторын судалгааны тэтгэлгийг дараах сэдвээр зарлаж байна.

Сэргээгдэх эрчим хүч ба ухаалаг эрчим хүчний судалгаа хөгжүүлэлт

Эрчим хүчний тархмал үүсгүүрийн судалгаа

Уул уурхайн тоон өгөгдлийн статистик шинжилгээ, түүний стохастик процессууд

Микроорганизм ба металлын сульфидын эрдсийн харилцан үйлчлэлийн механизмын судалгаа

Мезефор силика нанопартикл шинээр гарган авч түүнийг хорт хавдрын оношилгоонд хэрэглэх нь

Hyrdogel ашиглан хүнд метал усан уусмалаас шингээх

3D принтер ашиглан бага оврын рентген-флуоресценцийн спектрометрийг хөгжүүлэх нь

Текст шинжлэл дээр суурилсан мэдлэгийн загварчлал

Гурван хэмжээст дэлгэц

Агро уур амьсгалын нөөцийн шинэчилсэн үнэлгээ, шинжүүр утгууд

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгаль орчинд нөлөөлж буй зарим бохирдлыг судлах нь

Цэвэрлэх байгууламжаас ялгарах лагийг боловсруулж, ашиглах арга зам

Монгол орны бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлын биологийн идэвхт нэгдлийн судалгаа

Пост-докторын үргэлжлэх хугацаа 2019 оны 12 дугаар сарын 1-нээс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бөгөөд Өргөдөл, Төрийн албан хаагчийн анкет, Докторын дипломын хуулбар /эх хувийг авчрах/, Бүтээлийн жагсаалт, Судалгааны ажлын урьдчилсан төлөвлөгөө, Пост-докторын судалгааны ажлын удирдагчийн пост-докторт сургах боломжтой эсэх талаарх тодорхойлолт, Ажил эрхэлж буй бол ажлын газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.

Материалыг 11 дүгээр сарын 8-ныг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р  байр 2 давхар,  206 тоотод хүлээн авна. Сонирхсон эрдэмтэд https://www.num.edu.mn/filesnum/juram/Пост-докторын журам.pdf хаягаар мэдээлэл авах боломжтой.

Холбоотой мэдээ