Эко сургууль хөтөлбөрийн үндэсний V чуулган эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-16 08:55:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эко-сургууль хөтөлбөрийн үндэсний V чуулган Багшийн хөгжлийн ордонд өнөөдөр эхэллээ.


Чуулганд нийслэл, орон нутгийн 100 гаруй эко сургууль, цэцэрлэгийн сурагч, багш, удирдлагууд, холбогдох яамдын албан хаагчид болон ОХУ дахь олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн 15 төлөөлөгч нийт 300 орчим хүн оролцож байна.

Энэхүү олон улсын хөтөлбөр нь ISO14001 стандартад суурилснаараа ихээхэн онцлог бөгөөд Дэлхийн байгаль орчны боловсролын сан дэлхийн 67 улсын 51 000 гаруй сургуульд хэрэгжүүлж байгаа юм.

Хөтөлбөрийн хувьд, “Тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийг асуудлуудыг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлдэг шилдэг хөтөлбөр” хэмээн НҮБ-ын төрөлжсөн байгууллага ЮНЕП, ЮНЕСКО үнэлж, Дэлхийн байгаль орчны боловсролын сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, дэлхий хэмжээнд цар хүрээг өргөжүүлжээ.

Харин Монгол Улсын хувьд “Засгийн Газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө-2030”-д эко сургуулийг өргөжүүлэн дэлгэрүүлэх, “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-т 2022 он гэхэд нийт сургууль, цэцэрлэгийн 50 хувьд хүргэсэн байхаар тусгайлан зааж өгсөн юм.

Эко сургууль, цэцэрлэгүүд 2017-2019 онд ISO14001 стандартад суурилсан гадаад болон дотоод орчны үнэлгээ хийж сургууль, цэцэрлэг орчмыг “Эрүүл-Аюулгүй-Ногоон орчин-2022” зорилтын хүрээнд ногоон байгууламжийг 40 орчим хувиар нэмэгдүүлж, эрчим хүч, тээвэр, ус, хог хаягдлыг бууруулснаар эдгээр хэрэглээнээс үүсэх нүүрстөрөгчийг хувь хэмжээг 6500 тонноор бууруулж, улмаар 3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Энэ бол дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа “Уур амьсгалын өөрчлөлт” түүний эсрэг авч байгаа арга хэмжээний нэг юм.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчин 2017 оны 5 сараас 2019 оны 9 сар хүртэлх хугацаанд 43-76 хувь буюу 33 хувиар сайжирч, үүнд нийтдээ 17 тэрбум 361 сая орчим төгрөгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг орон нутаг, улсын төсөв олон улсын байгууллагуудаас бүрдүүлж хүүхэд, багачууд, багш сурагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэхэд зарцуулжээ.

2017 онд энэхүү хөтөлбөрийн анхны “Хүрэл гэрэгэ”-г 41 сургуульд гардуулж байсан бол 2018 онд 70 сургууль “Хүрэл гэрэгэ”-тэй, үүнээс 30 сургууль “Мөнгөн гэрэгэ” 9 сургууль “Ногоон туг”-аа гардан авч байв. Энэ жил 49 сургууль “Хүрэл гэрэгэ” 19 сургууль, цэцэрлэг “Мөнгөн гэрэгэ”, 9 сургууль “Ногоон туг” шагналын болзол хангажээ. 


Холбоотой мэдээ