“Залуу малчдыг дэмжих аймгийн хөтөлбөр” үр дүнгээ өгч байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-16 11:14:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, туршлага солилцуулах зорилготой “Залуу малчдын аймгийн зөвлөгөөн” боллоо. Зөвлөгөөнд оролцсон 68 өрхийн 130  гаруй залуу малчинд аймгийн ХХААГ,  ХХҮГ-аас мэдээлэл хүргэж, ахмад малчид туршлагаасаа хуваалцсан юм.

“Залуучууд төв суурин газар бараадах хүсэл сонирхолтой болж, мал маллах хойч ирээдүй тасрахад хүрээд байна. Уг асуудалд аймгаас анхаарал хандуулж, 2016 онд “Залуу малчдыг дэмжих аймгийн хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, залуу малчид харьцангүй нэмэгдсэн” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир хэллээ. Өвөрхангай аймгийн 117 мянган хүн амын 45 хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг ба тэдний 35 хувь нь залуучууд юм.

Хөтөлбөрийн хүрээнд залуу малчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого барьж, малжуулах болон бусад зээлд хамруулах, хашаа хороогоо засах, өвс тэжээл бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Аймгийн Политехникийн коллежид ахмад малчдын туршлагыг залуу малчдад өвлүүлэх зорилготой анги нээж, сүүлийн 3 жилд 100 гаруй залуу малчдыг төгсгөжээ. “Малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд жилд дунджаар 60 орчим малчин  өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ба аймгийн хэмжээнд 2016 оноос хойш 1 тэрбум гаруй төгрөгийг залуу малчдыг малжуулахад зарцуулаад байна.

Өвөрхангай аймагт махны хоёр үйлдвэр, ноосны үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ажиллаж байгаа нь малчин өрхийн эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа гэдгийг малчид хэлж байлаа. Удахгүй арьс ширний үйлдвэр ашиглалтад орох бөгөөд малчдын өмнө тулгамддаг мал, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал тодорхой түвшинд шийдэгдэнэ хэмээн зөвлөгөөний үеэр онцолж байв.

Холбоотой мэдээ