Б.Нандинцэцэгийн нэрэмжит “Эстрадын дуу дуулаачдын уралдаан” энэ сарын 18-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-16 15:45:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын эстрадын нэрт дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Нандинцэцэгийн нэрэмжит “Эстрадын дуу дуулаачдын аймгийн уралдаан”-ыг энэ сарын 18-нд Дундговь аймгийн Өндөршил суманд зохион байгуулна.

Тус уралдааныг Өндөршил сумын ЗДТГ, Соёлын төв, сумын Ахмадын хорооноос хамтран зохион байгуулж байгаа ба нэгдүгээр багийн малчин М.Батлахын гэр бүл ивээн тэтгэж байгаа ажээ.

Энэхүү уралдааныг Монголын эстрадын алтан үеийнхний төлөөлөл болсон дуучин Б.Нандинцэцэгийн уран бүтээлийг олон нийтэд таниулах, эстрадын дууны оргил үеийн шилдэг бүтээлүүдийг сурталчлах зорилгоор хоёр үе шаттайгаар явуулахаар төлөвлөжээ.

Оролцогчид нэгдүгээр шатанд өөрийн урын санд байгаа эстрадын дуугаа дуулах ба хоёрдугаар шатанд Баянмонгол, Соёл-Эрдэнэ хамтлагийн 1960-1970 оны эстрадын дуунаас сонгон дуулах аж.

Оролцогчдыг 10 дугаар сарын 14-нөөс бүртгэж, өнөөдрийн байдлаар долоон сумаас авьяастнууд ирж оролцохоор бүртгүүлжээ.

Б.Нандинцэцэгийн аав Д.Бууран нь Өндөршил сумын уугуул хүн. Тэрээр аавынхаа нутаг, ард түмэнтэй байнгын холбоотой байжээ.

Уралдааны үйл ажиллагаанд түүний дүү нар, хүүхдүүд, ах дүү нарынх нь төлөөлөл оролцохоос гадна ээж нь ирж оролцохоо мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ