“Цэвэр орчин-Цэмцгэр орц” аяны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-10-16 21:47:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цэвэр орчин-Цэмцгэр орц” аяныг энэ оны 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулжээ. Нийт 5 сар гаруйн хугацаанд явуулсан аяны тэргүүн байрт “Буянт Зам”, дэд байрт “Ялалт”, 3 дугаар байрт “Улам дэвших” СӨХ шалгарчээ.

Харин тусгай байрт “Саруул”, “Цагаан-Өргөө” СӨХ шалгарч өнөөдөр аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар талархал, мөнгөн шагнал гардууллаа.

Энэхүү аяныг Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Миний гэр-Манай байр” дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан аж.

Аяны гол зорилго нь иргэд, оршин суугчдын оролцоонд тулгуурлан Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны орц, гадна тохижилтын ажлыг цогцоор нь хийхэд оршжээ. 
Таван сар үргэлжилсэн энэхүү аянд нийтдээ 35 Сууц өмчлөгчдийн холбоо оролцож 58 байрны 100 орцыг засварлаж байрны өнгө үзэмжийг сэргээн ашиглалтыг сайжруулсан байна. 

Мөн орчны тохижилтын хүрээнд орон сууцны байрны гадна талбайд ногоон байгууламжийг сайжруулан ажиллажээ. Аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Бүх нийтийн цэвэрлэгээ”-нд 31 Сууц өмчлөгчдийн холбоо иргэд, оршин суугчдын хамт оролцож 41960м2 талбайн 173м3 хогийг цэвэрлэсэн
зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлснийг Сууц өмчлөгчдийн холбоодын дарга нар онцолж байлаа. Цаашид шинээр өөрсдийн боломжоо ашиглан бүтээн байгуулсан зүйлээ хамгаалах, орцны цэвэр цэмцгэр байдлыг ямагт хангах, оршин суугчидтайгаа уялдаа холбоотой ажиллахыг аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх үүрэг болгов.

Холбоотой мэдээ