Б.Батхүү: “Ноолуур” хөтөлбөрөөр үйлдвэрлэлийн хүчин чадал 30 хувиар нэмэгдсэн

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-17 17:39:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ноолуур” хөтөлбөрийн талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.

-Экспортод чиглэсэн “Ноолуур” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна вэ?

-Манай улс малын гаралтай түүхий эдийг эхний үе шатанд 40, дараагийн үе шатанд 60 хувь хүртэл гүн боловсруулж нэмэгдүүлэх талаар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгүүддээ тусгасан. Дээр нь Засгийн газраас өнгөрсөн жил “Үйлдвэржилт-21”, “Ноолуур”, “Монгол экспорт” зэрэг хөнгөн ба хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийг боловсруулж гаргасан.

Үүний нэг нь болох “Ноолуур” хөтөлбөр өнгөрсөн оноос амжилттай хэрэгжиж эхлэн, нийтдээ 1570 ажлын байрыг шинээр бий болгон, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувиар нэмэгдүүлээд байна. Ноолууран бүтээгдэхүүний борлуулалтын орлого өмнө нь 900 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн жил 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн өндөр амжилтаар бид өнөөдөр Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойгоо угтаж байна.

-“Ноолуур” хөтөлбөрийн эхний үр дүн гарахад юу юу нөлөөлсөн бэ?

-Хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаагийн гол нь ноолуурын нийлүүлэлтэд оршиж байгаа. Энэ тал дээр малчид хичээл зүтгэл гарган ажиллаж байна гэсэн үг. Дээр нь ноолуурын салбар ХАА, хөнгөн үйлдвэрийн бусад салбарыг бодвол өндөр хөгжиж олон улсад танигдсан байдал нөлөөлж байна. Энд зөвхөн төрийн бодлогоос гадна түүхий эд ноолуураа ихээр нийлүүлж буй малчид, дунд нь хүргэж өгч боловсруулан үйлдвэрүүддээ бэлтгэн нийлүүлж буй хүмүүс, эцсийн бүтээгдэхүүн гаргаж буй үйлдвэрүүд, загвар зохион бүтээгчээс эхлээд чанартай бүтээгдэхүүн гаргахад санхүүжүүлж буй байгууллагууд хүртэл орно. Ийм олон талын оролцооны хүчинд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.


Тухайлбал, энд хамгийн их үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагаар Монгол Улсын Хөгжлийн банкийг нэрлэмээр байна. Тус банк ноолуурын томоохон үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийг хангалттай хэмжээнд өгсөн. Нийтдээ 200 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн жил олгосны үр дүнд түрүү хэлсэнчлэн үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын байр нэмэгдэж, гол нь ноолуур бэлтгэлээс түүхий эдийнхээ дөнгөж 10 хувийг дотооддоо авч үлддэг байсан байдлыг арилгаж, 27 хувийг дотоодын хэрэгцээндээ худалдан авч чадсан. Ингэснээр борлуулалтын дүн өсөж 1.3 наяд орчим төгрөг хүрсэн юм.

-Энэ жил Хөгжлийн банк ноолуурын үйлдвэрлэлд өгөх зээлээ эрт шийдэж олгохоо мэдэгдэж байгаа. Ингэснээр ноолуур бэлтгэл нэмэгдэж, үйлдвэрлэлд өмнөх жилийнхээс илүү ахиц дэвшил гарна гэж үзэж байна?

-Тэгэж үзэж болно. Юу гэвэл, өнгөрсөн хавар яг түүхий эд бэлтгэлийн үеэр ноолуурын үйлдвэрүүд зээлээ хүлээх байдал гарч байсан. Энэ жилийн хувьд Хөгжлийн банкнаас өнгөрсөн 7 долоо хоногт ирүүлсэн албан бичигтээ зээлээ он гаргаад 2-р сард багтаан олгохоо мэдэгдсэнээс харахад үйлдвэрлэгч боловсруулагчид түүхий эдээ эртхэн хангалттай базааж авах боломж гарах нь. Ингэснээр ноолуурын үйлдвэрлэл 2020 онд өмнөх оноос илүү амжилт гарна гэж үзэж байна.


Тиймээс одоо энэ байдлаа цааш нь улам хөгжүүлээд авч явах нь чухал болоод байна. Энд хүндрэл бэрхшээл гарч байна. Бизнес томроод ирэхээр “Монголд ямаагаа зовоож самнаж байна” гэсэн сөрөг мэдээллийг зохион байгуулалттайгаар цацах зэргээр мундахгүй муу нөлөөлөл тэр хэмжээгээр гарч байна. Үүнийг үнэн мөнөөр харуулж, монгол ноолуурынхаа давуу чанарыг дэлхий нийтэд таниулах байдлаар сөрөг мэдээллийг няцаана.

-Энэ 10-р сарын 24-нд манай улсад Монголын “Хаан ширхэгт” ноолуурын брэндээ танилцуулах олон улсын чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар тодруулна уу?

-Манай улс мал аж ахуйн гаралтай түүхий эдээр арвин хэр нь бүрэн ашиглаж, хангалттай хэмжээний нэмүү өртөг бүтээх байдал хараахан зүгшрээгүй байна. Тиймээс “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлж, түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллаж байгаа юм. Манай түүхий эд ноолуурын хувьд гол нь дэлхийд багахан хэмжээтэй байдаг. Дийлэнх нь БНХАУ, Монгол гэсэн хоёрхон оронд байж, манай хоёр улс дэлхийн зах зээлийн нийт 90 хувийг хангадаг. Тодруулбал, 40 хувь нь манайд ногддог. Гэтэл манайд ноолуурыг гүн боловсруулах түвшин бага байгаа. Тэгсэн хэр нь ноолууран бүтээгдэхүүн худалдан авах зах зээл хангалттай өргөн байдаг. Тиймээс бид “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Монголын “Хаан ширхэгт” брэндийг бий болгохоор ажиллаж байна.

-Брэндийг бий болгоход юу хийж байна вэ?

-Юуны өмнө “Монгол экспорт экспо-2019” томоохон үзэсгэлэн-худалдааг энэ 10-р сард гаргаж байна. Мөн Монголын “Хаан ширхэгт” гэсэн дэлхийн хэмжээний олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Ер нь брэндийг хөгжүүлэх ажил мэргэжлийн уралдааныг салбар тус бүрт явуулж байна.

-“Хаан ширхэгт” гэж яг ямар учиртай юм бэ?

-Энэ бол ерөөс стратегийн бүтээгдэхүүн гэдгээр ноолуурын чанарыг анхан шатны бэлтгэлээс нь эхлүүлэн сайжруулж брэнд бий болгох явдал юм. Юу гэвэл, манайд малыг дур зоргоороо хээлтүүлж байна. Мөн малын амьдын ашиг шим өндөр байдгаас малчид ямаагаа хөгшрүүлж самнаж буйтай холбоотойгоор ноолууран түүхий эдийн чанар алдагдах хэмжээнд хүрч байгаа. Энэ мэтээр ноолуурын бэлтгэлээс эхлэн анхаарах юм. Хоёрт, дэлхийн зах зээлд ноолуур нийлүүлж буй бусад улс орнуудтай өрсөлдөж стратегийн ач холбогдлоо авч үлдэх бодлогын хүрээнд үндэснийхээ үйлдвэрлэлийнхээ нэрийн брэндийг бий болгохоор АХБ-ны ХАА, хөдөөгийн хөгжил төслийн дэмжлэгтэйгээр Монголын Ноос, ноолуурын холбоотой хамтран ажиллаж байна.

Брэндийг бий болгоно гээд зөвхөн нэр өгөөд зогсох биш, бүхэл бүтэн малчны хотноос авахуулаад, бэлчээрээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл үйлдвэрлэл, бэлтгэлийн тогтолцооны үйл явц эко чиг баримжаагаа барьж, ногоон, тогтвортой үйлдвэрлэлээ хангаж чадаж байна уу гэдгээ харуулах юм. Энэ бүхний эцэст бүтээгдэхүүн маань дээд зэргийн чанартай болж байна уу гэдгийг Стандартчилал, хэмжил зүйн газар, мэргэжлийн хяналт зэрэг төрийн холбогдох байгууллагатайгаа хамтраад томоохон брэндийг бий болгохоор ажиллаж байна. Энэ үүднээс “Монгол экспорт экспо-2019” томоохон үзэсгэлэн-худалдааг олон улсын хэмжээнд анхлан зохион байгуулж, Монголын “Хаан ширхэгт” гэсэн брэндээ танилцуулна.

Нөгөө талаар энэ намар БНХАУ-д болсон Монгол-Хятадын ээлжит Экспогийн үеэр Дэлхийн ноолуурын том чуулган БНХАУ-ын ӨМЗО-ны Улаанцав хотноо зохион байгуулж, энд манай улс дэлхийн ноолуурын зах зээлд түүхий эдээс аваад бүтээгдэхүүн голлон нийлүүлэгч БНХАУ-тай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн.

Манай хоёр улс дэлхийн зах зээлийн гол нийлүүлэгчийн хувьд өрсөлдөгч улсууд хэдий ч зах зээлээ хамгаалж хадгалах нэг зорилттой. Энд бодлогоо нэгтгэж ноолуурын бусад ширхэгтүүдтэй өрсөлдөхөд уялдаж ажиллах шаардлага биднийг нэгтгэж байгаа юм. Ноолуурын үйлдвэрлэл дээр нэмүү өртгөө хадгалан авч үлдэн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулах үүднээс хоёр орны хамтарсан томоохон лаборатори төв байгуулахаар болсон.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ