Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх зөвлөмжийг үргэлжлүүлэн хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-18 15:33:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын хуралдаан өчигдөр болж, сайжруулсан түлшний хэрэглээний талаар захиргааны байгууллагын ажилтнууд айл өрхөд зөвлөмж мэдээлэл хүргэж ажилласан байдалтай танилцлаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгийн мэдээлснээр нийслэл, дүүргийн захиргааны байгууллагын 4302 албан хаагч төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 167.362 айл өрхөөр орж, зөвлөмж мэдээлэл хүргэн ажиллажээ.

Цаашид хүйтний эрч улам чангарах учраас Онцгой комиссын өндөржүүлсэн бэлэн байдлыг тасралтгүй 90 хоног үргэлжлүүлж, төр захиргааны байгууллагууд, дүүрэг, хороод, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаарх зөвлөмжүүдийг үргэлжлүүлэн хүргэж ажиллахаар боллоо.

Түүнчлэн нам даралтын зуух буюу ханан пийшинд сайжруулсан түлш тохирохгүй байгаа талаар иргэдээс гомдол санал ирж буйг харгалзан үзэж, 70-100 квт-ын хүчин чадалтай зуухыг хэрэглүүлэх талаар судлаач эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж шийдэлд хүрэх, мөн үйрч  бутарсан, чанаргүй түлш нийлүүлж байгаа дээр онцгойлон анхаарч ажиллахыг “Таван толгой түлш” компанид үүрэг болгов.


Нэгэнтээ өнгөрсөн жилийн нүүрсээ нөөцөлсөн болон нүүрс үлдсэн айлуудын нүүрсийг сайжруулсан түлшээр солих талаар нийслэлээс судалж байгаа аж. 


Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан түүхий нүүрс Улаанбаатарт оруулахгүй байх хяналтыг сайжруулж, зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлж буй айл өрх, ард иргэдэд хариуцлага хүлээлгэх, дүүрэг, хороод, хэсгийн ахлагч нар ажлын уялдаагаа сайжруулах, утааны шүүлтүүр тавьсан айл өрх, ААН-ийн тоог гарган, чанарын шаардага хангаж байгаа эсэхийг нягтлахыг анхааруулав. Нэгэнтээ өнгөрсөн жилийн нүүрсээ нөөцөлсөн болон нүүрс үлдсэн айлуудын нүүрсийг сайжруулсан түлшээр солих талаар нийслэлээс судалж байгаа аж. 

Холбоотой мэдээ