Сонгуулийн дүнг зарласны дараа Боливын хотуудад эсэргүүцлийн ажиллагаа болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-22 12:07:05

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Боливын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал даваа гарагийн орой тус улсын хэд хэдэн хотод болжээ. Сонгуульд Боливын одоогийн Ерөнхийлөгч Ево Моралес ялж байгаа юм.


“El Deber” сонинд мэдээлснээр, Боливын томоохон хот болох Ла-Пас, нийслэл Сукра, мөн Оруро, Санта-Крус, Кочабамба, Потоси хотуудад болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр эмх замбараагүй байдал дэгдэж, жагсагчид цагдаа нартай мөргөлджээ.


Нийслэл Сукре хотод жагсагчид сонгуулийн шүүхийн орон нутгийн салбарын байрны ойролцоо гал тавьжээ. Потоси болон Кочабамбе хотын сонгуулийн хорооны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа болсны улмаас саналын хуудсыг тоолохоо түр зогсоосон байна.


Боливт ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль ням гарагт болсон юм. Сонгуулийн эхний урьдчилсан дүнг санал хураах байрууд хаагдсанаас дөрөв орчим цагийн дараа нийтэлсэн байна. Тус улсын төрийн тэргүүн асан, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Карлос Меса санал хураалтын дүн түүнийг хоёрдугаар шатанд орох боломж олгох ёстой гэж сонгуулийн дүнг зарласны дараа мэдэгджээ. Харин Боливын одоогийн Ерөнхийлөгч Эво Моралес мэдэгдэхдээ, одоогийн байдлаар тоолоогүй байгаа хөдөө орон нутгийн оршин суугчдын санал түүнд эхний шатанд ялах баталгаа болно гэсэн байна.


Сонгуулийн дээд шүүх шинэ урьдчилсан дүнг даваа гарагийн орой танилцуулжээ. Шинэ дүнгээр Моралес эхний шатанд ялахад зайлшгүй шаардлагатай тооны саналыг авсан байна. Харин Меса одоогийн төрийн тэргүүн ялбал хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.


 


Холбоотой мэдээ