Зимбабве улс ганд нэрвэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-23 09:20:58
Yesukheitumur Tumurbaatar

ХАРАРЕ. /BBC/. Зимбабве улсад сүүлийн хоёр сар үргэлжилсэн ган гачгийн улмаас “Хванге” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 55 заан өлсгөлөнд нэрвэгдэн үхжээ.


“Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Заанууд өлсөж үхэж байгаа нь хамгийн том асуудал болж байна” гэж Зимбабвегийн Цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтан хамгаалах газрын хэвлэлийн төлөөлөгч Тинаше Фараво мэдэгдсэн байна.


“Хиймэл усан сангаас 50 метрийн зайд үхсэн заанууд олдож байгаа нь тэд усанд хүрэх тэнхэлгүй болоод үхэж байгааг харуулж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд одоогийн байдлаар 50 мянга гаруй заан байгаа бөгөөд 15 мянга орчим заан энэхүү ган гачгийг даван гарч чадна” гэж Т.Фараво хэлжээ.


Үүний зэрэгцээ Зимбабве улсад нүүрлэсэн гангийн улмаас их хэмжээний ургац алджээ. Эдийн засгийн хямрал үргэлжилж буй энэ үед тус улсын хүн амын гуравны нэг буюу 5 сая 383 мянган иргэнд хүнсний тусламж нэн шаардлагатай байгаа аж. Мөн хоёр сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл нүүрлээд байна гэж Дэлхийн хүнсний байгууллагын наймдугаар сарын тайлан мэдээнд дурдсан байна.



Холбоотой мэдээ