Хил, гаалийн хүндрэлийг шийдэхэд анхаарахыг хүслээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-23 08:49:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва хотноо болсон Монгол Улсын Засгийн газар, Евразийн Эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хуралдаанаар манай улсын ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломжийн талаар хэлэлцлээ.

Хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ зэрэг холбогдох газрын төлөөлөл оролцлоо. Ажлын хэсгийн хуралдааны үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг дэлгэрэнгүй ярилцаж, гааль, хорио цээр, техникийн стандартын зохицуулалтын талаар мэдээлэл солилцов.


Хуралдаанд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Монголын хөрөнгө оруулалтын орчин болон Евразийн зах зээлд Монголын ХАА-н гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломжийн талаар илтгэл тавилаа. Мөн хил, гаалийн тарифын болон тарифын бус хүндрэлүүд, тэдгээрийн техникийн зохицуулалтын тухай мэдээлэл өгч, хүндрэлүүдийг шийдэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Хуралдаанаар шийдэлд хүрсэн нэг зүйл нь ирэх 12 дугаар сард Москва хотноо болох Евразийн эдийн засгийн комиссын орнуудын бизнес чуулганы үеэр Монгол Улсын ноос ноолуур, арьс шир, нэхий бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахаар тохиролцов.

Холбоотой мэдээ