Хүнсний хаягдал тосоор халдаг "Флинт био зуух"-ыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-23 15:34:41
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнсний хаягдал тосыг түлш болгон ашигладаг “Флинт био зуух”-ыг өнөөдөр танилцууллаа. Энэ төрлийн зуухыг хөгжиж буй орнуудын агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний өртгийг багасгах зорилгоор ашигладаг бөгөөд өндөр өртөгтэй нүүрс болон бусад төрлийн түлш шаарддаггүйгээрээ онцлогтой аж. “Флинт био зуух” төслийг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын санаачилгаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын КОЙКА, KTL болон Флинт ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.


Флинт био зуух нь хүнсний хаягдал тос буюу амьтан, ургамлын гаралтай тосыг түлш болгон ашиглаж дулаан гаргадаг дэвшилтэт технологи юм. Нүүрс, сайжруулсан түлш, мод, бусад шатаагч түлш хэрэглэхгүйгээр хоол унд хийж, гэр орон сууц, байгууламжийг халаах уг зуухыг Монгол Улсын байгаль цаг уур, зан заншилд нийцүүлэн бүтээжээ. 



Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат: “Флинт био зуух 13 литрийн хаягдал тос хийх багтаамж бүхий савтай. Уг савны хэмжээг томруулж ажиллах цагийг уртасгаж болно. 13 литр тосоор 20 орчим цаг ажиллах бөгөөд сард 5,000 төгрөгийн тог зарцуулна. Хаягдал тосоо эхлээд тогоор халааж, дараа нь асаах товчлуур дарахад халаалтын зарчмаар зуух маань өөрөө ажиллана. Зуух яндангүй байгааг та бүгд харж байгаа байх, энэ нь ямар ч утаа ялгаруулахгүй гэсэн үг юм” гэлээ. 


КОЙКА-ийн Суурин төлөөлөгчийн газрын дарга Жу Хэйн Нан: “Монгол Улсын түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдол ихсэж, амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байна. Түүхий нүүрсийг орлох түлшний нөөц улс даяар хангалттай биш байна. Иймд КОЙКА-ийн санхүүжилтээр “Флинт” ХХК энэхүү био зуухны төслийг хэрэгжүүлж, ургамлын болон малын гаралтай хаягдал тосыг ашиглаж халаах системийг бий болгожээ. Одоогоор туршилтын явцад байгаа ч зуух эцсийн байдлаар бэлэн болоход газар шороо, ундны ус, байгаль орчинд ээлтэй технологи болж, агаар, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж бодож байна” гэв.


Флинт зуухыг эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 80 өрхөд үнэгүй тараах юм. Зуухны үнэ 500 орчим мянган төгрөг байх бөгөөд хаягдал тосны хүрэлцээ зэргийг үндэслэн зуухыг хязгаартай тоогоор үйлдвэрлэх аж. 


Холбоотой мэдээ