Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-10-23 16:25:58

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн эрх баригчид сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг Хууль тогтоох зөвлөлөөсөө албан ёсоор эргүүлэн татлаа. Энэ тухай Хонконгийн засаг захиргааны аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга /сайд/ Жон Ли лхагва гарагт мэдэгджээ.


Уг хуулийн төслийг эргүүлэн татсанаар засгийн газрыг эсэргүүцэн жагсагчдын таван шаардлагын нэг эцэслэн биелж байна. 


Аравдугаар сарын 16-нд парламентын хуралдаан эхэлсний дараа хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татна гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам есдүгээр сарын эхээр олон нийтийн өмнө амласан билээ. Гэвч сөрөг хүчний депутатууд хэлэлцэх асуудлыг тасалдуулсантай холбоотой техникийн шалтгаанаар өнгөрсөн долоо хоногт татаж чадаагүй аж.


Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөхийг зөвшөөрөх уг хуулийн төсөл нь энэ зуны эхнээс хойш үргэлжилж буй олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөх гол шалтгаан болсон билээ.

Холбоотой мэдээ