Хотон шувууг хууль бусаар агнасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-24 13:17:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас Ногооннуур сумын зургадугаар багийн иргэн “Х” нь хууль бусаар агнасан хоёр ширхэг хотон шувууны хошууг худалдан борлуулах зорилгоор биедээ авч явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тус гэмт хэргийг “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлжээ.

Хотон шувуу нь дэлхийн нэн ховор амьтдын жагсаалт болох CITES-ийн нэгдүгээр хавсралтад, мөн Монгол Улсын Улаан номонд бүртгэлтэй байдаг. Манай орны хувьд хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг заншил одоо хүртэл иргэдийн дунд байсаар байгаа нь дээрх төрлийн гэмт хэргийг гарах гол шалтгаан болж байгааг албаны хүмүүс хэлж байна.

Эрүүгийн хуульд нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ажээ.

Холбоотой мэдээ