БАЯН-ӨЛГИЙ: Оёдлын мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн чиг хандлага, шинэ арга барилыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор оёдлын мэргэжлийн ур чадварын уралдааныг анх удаа зохион байгууллаа.
Тус уралдаанд Говь-Алтай, Ховд, Увс аймгийн Политехник коллежууд болон Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн багш нар оролцож, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Баян-Өлгий аймгийн “Цамбагарав өгөөж” ХХК, “Асыл мура” ХХК ажилласан бөгөөд тэмцээний шүүлтийн эцсийн дүнгээр шилдгүүдийг тодрууллаа.
Оёдлын ур чадварын уралдааны нэгдүгээр байрт Улаангом политехник коллежийн оёдлын багш З.Хүрэлмаа, хоёрдугаар байрт Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн оёдлын багш Д.Цэнгэл, гуравдугаар байрт Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн оёдлын багш Х.Жания нар тус тус шалгарлаа.


