ХЭҮК-ын гишүүнийг олон нийтийн оролцоотой, ил тод сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-24 15:35:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр санал хураан үргэлжлэв. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.4 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 


ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Мөн комисс нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх төсөв боловсруулж, батлуулах шатлалыг тодорхой заажээ. Түүнчлэн комиссын хуралдааны журмыг нарийвчлах, комиссоос хүргүүлж буй шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэхгүй удаашруулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох талаар алхам хийгээгүй тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл, бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизм бий болгох заалт тусгасан байна.


Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар аван санал хэлж дууссанаар завсарласан юм. 


Ташрамд дурдахад, Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг дэмжиж, улмаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсон. Үүнээс хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн, соёрхон баталсан байна. Мөн Монгол Улс хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталсан бөгөөд 2002, 2003, 2011, 2015 онд нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны шууд дамжуулалт

Холбоотой мэдээ