“Үхэр сүрэг” аймгийн дэд хөтөлбөрийг батлав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-10-25 17:12:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Үхэр сүрэг” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.

Үхэр сүргийн биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, чанар, үүлдэрлэг байдал, удмын санг хамгаалж, мэдээллийн сан бүрдүүлэх, малчдын үхэр сүрэг өсгөх хүсэл сонирхлыг дэмжих зорилго агуулсан тус хөтөлбөрийг 2020-2023 онд хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөр 4 үндсэн зорилттой бөгөөд 6700 үхэрт генетик нөөцийн төлөв байдлыг тогтоох, “Уянгын сарлаг” омгийг бий болгох, үхэр сүргийг ээмэгжүүлэн бүртгэлд оруулах, Бутан, Киргизийн сарлагийн гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийж, мах, сүү, ноолуурын ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдыг дэмжих, урамшуулах зэрэг олон ажлыг төлөвлөлөө.

Өвөрхангай аймаг нийт 5.4 сая толгой малтай бөгөөд 272 мянга нь үхэр юм. Нийт үхрийн 37 хувь буюу 100 мянга нь сарлаг байна. Монгол Улсын хэмжээнд биологийн онцлог шинж бүхий 49 үүлдэр, омгийн үхэр байдаг аж. Тухайлбал, Сэлэнгэ, Дорнод талын улаан хэвшил, Семменталь, Алатау, Хар тарлан, Казахын цагаан толгойт, хар улаан Ангус зэрэг ашиг шимт үхрийг өсгөн үржүүлж байна.

Холбоотой мэдээ