Монгол, ОХУ Онцгой байдлын протоколд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-30 14:22:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-ы протоколд энэ сарын 29-нд гарын үсэг зурлаа.

Хоёр тал үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зурлаа.

“Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-д ОХУ-ын талаас Онцгой байдлын дэд сайд И.П.Денисов тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсаас ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хамтарсан хуралдаанаар ОХУ-ын Онцгой байдлын яамны Хямралын удирдлага, зарлан мэдээлэх үндэсний төв, Монгол Улсын ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв хооронд “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурахаар тохиролцлоо. Мөн “Таван бүсийн Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв болон гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцсон юм.


Одоогоос 24 жилийн өмнө буюу 1995 онд байгуулсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг нийт 17 удаа, хил орчмын бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол зохион байгуулж, цаг үеийн болон дунд, урт хугацааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэн шийдвэрлэж ирсэн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ