“МИАТ” ТӨХК, “Корэйн Эйр” компанийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-31 15:05:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Kee Hong Woo нар гарын үсэг зурав. Энэ нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар энэ оны нэгдүгээр сард байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу хоёр орны агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

Тус санамж бичигт Сөүл хотоор дамжуулан гуравдагч улс уруу борлуулалт хийх, ачаа каргоны чиглэлээр блок гэрээ байгуулах зэрэг ажлыг нарийвчлан тусгаснаараа онцлогтой. Өөрөөр хэлбэр, Сөүл хотын Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин Япон улсын Осака, Австрали улсын Сидней, Сингапур улс уруу МИАТ компанийн ОМ аяллын дугаартай тийзээр хялбар, шуурхай аялах боломжийг зорчигчдод олгож байгаа юм. Уг хамтын ажиллагаа нь МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австралийн чиглэлд нислэгийн сүлжээг өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, зардал бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг өргөн боломжийг олгож байгаа бол зорчигч үйлчлүүлэгчид нислэгийн сонголт нэмэгдэж, олон сонголттой тарифаар ая тухтай үйлчлүүлэх боломжтой гэж "МИАТ" ТӨХК мэдээлэв.


Холбоотой мэдээ