Зудтай орон нутгийн хүн амд хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-14 13:34:35

ЭМСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Завхан, Дундговь, Сүхбаатар, Увс аймгийн 45 суманд амьдарч байгаа 6-59 сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хүргүүллээ.

Энэхүү бэлдмэл нь 10 төрлийн амин дэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан бөгөөд хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлэх юм.

Энэ жил улсын хэмжээнд олон аймаг, сумдад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, нийт 20 аймгийн 111 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн.  Эдгээр цас ихтэй орон нутагт эрүүл мэндийн хувьд эрсдэл ихтэй 5 хүртэлх насны 200 мянга гаруй хүүхэд амьдарч байгаа бөгөөд хүнсний хангамж муу нөхцөлд өрхийн хамгийн эмзэг бүлэг болох жирэмсэн, хөхүүл эмэгтэй, бага насны хүүхэд илүү мэдрэг байж, хоол тэжээл, аминдэм эрдсийн дуталд өртдөг.

Өнөөдрийн байдлаар манай улсын 5 хүртэлх насны хүүхдийн 10.8 хувь нь хоол тэжээлийн архаг дутал буюу өсөлтийн хоцролтой байгаа нь баруун бүсэд 19.5 хувь, зүүн бүсэд 13.5 хувь, хангайн бүсэд 12.3 хувьтай байна. Түүнчлэн манай улсын тав хүртэлх насны хүүхдийн 32 хувь нь А аминдэм, 22 хувь нь Д аминдэмийн дуталтай, 28.5 хувь нь цус багадалттай байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 26.5 хувь нь цус багадалттай байгаа нь аминдэм, эрдсийн дутал манай улсад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буйг мэргэжилтнүүд онцлов

Ж.Болор

Холбоотой мэдээ