Казах үндэсний найрал хөгжим байгуулагдсаны 60 жилийн ой тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-02 14:49:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр казах үндэсний найрал хөгжим байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг энэ сарын 1-ний өдөр тэмдэглэлээ.

Театрын хамт олон ойн баярт зориулсан урлагийн тоглолтын зочдыг улаан хивсэн дээр алхуулан угтан авч хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

"Аймгийн Хөгжимт драмын театрын казах үндэсний найрал хөгжмийг 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Тухайн үед Б.Дамдинсүрэн, Ц.Сэвжид зэрэг манай улсын урлагийн алтан үеийн сурган хүмүүжүүлэгчид, мөн Казахстаны Х.Тастанов тэргүүтэй мэргэжлийн уран бүтээлчид ирж тулгын чулууг нь тавилцаж байжээ. Түүнээс хойш оргил үедээ 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан боловч зах зээлийн шилжилтийн үед хүний нөөц багассан. Одоо 23 хүний бүрэлдэхүүнээр казах, монгол болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг тоглож үзэгч түмнээ соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж байна" хэмээн аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.Асылбек хэллээ.

Тус театрын хувьд үндэсний найрал хөгжим байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх нэг жилийн төлөвлөгөө гарган ажиллажээ. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай чуулгатай хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сард Казахстан Улсын Семей хотод, тавдугаар сард түүхэнд анх удаа Улсын Морин хуурын чуулгатай хамтран Улаанбаатар хотод тоглолт хийсэн байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болсон Азийн урлагийн их наадмаас язгуур урлагийн төрлөөр хоёрдугаар байрны шагнал хүртсэн амжилтаар 60 жилийн ойгоо угтаж байгааг тэрээр онцоллоо.



Холбоотой мэдээ