Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-02 19:04:15

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна.  

Ойн баярын нээлт 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн төв талбайд болов. Энэ үеэр Ховд аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал зохион байгуулж, Галдан бошигт хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн түүхт 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт аймгийн ХДТ-т болов.

Баярын хуралд Онцгой байдлын газрын үе үеийн удирдлага, алба хаагчид, аймгийн удирдах ажилтан, хамтран ажиллагч байгууллага, иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл оролцов.

Тэртээ 1968 оны 06 дугаар сарын 14-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 196 дугаар тогтоолоор Ховд аймагт Гал команд байгуулах шийдвэр гарч, 1969 оны 10 дугаар сарын 22-нд алба хаагчид эх орны төлөө тангараг өргөн галын албаны үндсэн үүрэгт ажлаа эхэлсэн түүхтэй.

Тухайн үеийн Гал команд нь 20 гаруй ажилтантай, ПМЗ-63А маркийн гал унтраах авто насос, нэг техник хэрэгсэлтэй, 3 ээлжээр үүрэг гүйцэтгэж байжээ.

Харин одоо Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги нь 43 алба хаагчтай. 4 ээлжийн зохион байгуулалттай үүрэг гүйцэтгэж буй.

Ингэхдээ гал түймэр унтраах сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай техник хэрэгслээр хангагдан Ховд аймаг төдийгүй баруун бүсийн хэмжээнд гал түймэр унтраах, аврах ажиллагааг гүйцэтгэж байгаа юм. Сүүлийн гурван жилийн байдлаар тус анги 23.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, 100 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ.

Өдгөө тус ангийн гал түймэр унтраах, аврах 2 дугаар зэргийн депогийн барилга нь 8 автомашины гарааш, гал сөнөөгчдийн амрах байр, ангийн захирагч, салааны дарга нарын өрөө, душ, угаалгын өрөө, цайны газар, дадлага сургуулилтын танхимтай.

Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнч байж, авран хамгаалах үүргээ хариуцлагатай биелүүлж буй нэр бүхий алба хаагчдын  хөдөлмөр зүтгэлийг үнэлж  “Шударга журам” медаль, “Онц тээвэрчин”, ОБЕГ-ын жуух, сайшаалын үнэмлэх, цол зэргийг тус тус олгосон юм.

Гал түймэр, ган зуд, гамшиг осол, халдварт өвчин гээд амь өрссөн бүхний өөдөөс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамгийн түрүүнд тэмцэж, бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахаар зүтгэдэг. Тиймээс алба хаагчдын ажил үйлс, хөдөлмөр зүтгэлийг ийнхүү алдаршуулж байгаад талархаж байв.

Гал түймэр унтраах 48 дугаар ангийн хамт олон түүхт 50 жилийн ойн баяраа угтаж алба хаагчид ажиллах орчин нөхцөл, ангийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор жагсаалын талбай шинээр цутгах, дүүжин тааз, 150 метр хашаа хийх, ногоон байгууламж бий болгох, шалган нэвтрүүлэх байр барьж ашиглалтад оруулах зэрэг бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэжээ. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч бялдаржуулах өрөөг тохижуулсан байна.

 

   

Холбоотой мэдээ