Хөдөөгийн соёлын ордонд “Хөхөө шувууны домог” амилав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-04 19:45:59

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Бэрх хотын соёлын ордны уран бүтээлчид “Хөхөө шувууны домог" хүүхэлдэйн жүжгийг тайзнаа амилууллаа.

Монгол Улсын Засгийн газрын "Сонгодог урлаг-III" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газрын дэмжлэгтэйгээр тус уран бүтээлийг туурвижээ.

Нээлтийн ёслол саяхан болж, Соёл Урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг төлөөлж зөвлөх Л.Намуунгэрэл, "Хан Хэнтий" чуулгын уран сайхны удирдаач МУСТА Ц.Оюунбаатар, хөгжмийн зохиолч МУСТА Б.Авирмэд зэрэг зочид оролцов. Энэ үеэр МҮОНТ-ийн баг ажиллан нэвтрүүлэг бэлтгэсэн байна.

Хөхөө шувууны домог" хүүхэлдэйн жүжгийн зохиогч тайз дэлгэцийн найруулагчаар Бэрхийн соёлын ордны захирал МУСТА Г.Түмэнбаяр, Ерөнхий зураачаар Монгол Улсын Хүүхэлдэйн театрын Ерөнхий зураач, хүүхэлдэй урлаач МУСТА В.Энх-Амгалан, зураачаар Хүүхэлдэйн театрын хүүхэлдэйн техникч Г.Энхбаатар, Бэрхийн соёлын ордны ажилтан хүүхэлдэй урлаач П.Энхсоёл, Хөгжмийн зохиолчоор Алтан ураг хамтлагийн ахлагч, Zun продакшны продюссор МУСТА Б.Эрдэнэбат, Хөгжмийн найруулагчаар Бэрхийн соёлын ордны хөгжмийн багш ая зохиогч МУСТА Д.Болор-Эрдэнэ, Жүжигчнээр Бэрхийн соёлын ордны захирал МУСТА Г.Түмэнбаяр, ажилтан П.Энхсоёл, ажилтан Т.Наранжаргал, Батширээт сумын уугуул, дуучин жүжигчин Э.Түвшинжаргал  нар ажилласан байна.

Тус хүүхэлдэйн жүжиг нь монгол ахуй, ёс заншлыг агуулсан, бүх л дүр, тайз дэлгэцээ өөрсдийн гараар шинээр урласнаараа онцлог бөгөөд сургамжит үлгэр учраас аль ч насны хүүхдүүдэд хүрэхүйц мэргэжлийн уран бүтээл болж чадсан аж. Бэрхийн соёлын ордны хамт олон энэхүү уран бүтээлээ сумдын хүүхэд багачуудад хүргэх хүсэлтэй бөгөөд тайз дэлгэцээ ч явуулын байдлаар зохион бүтээсэн аж. Хүүхдэд зориулсан бүтээл гэдэг утгаараа өндөр өртөгтэй тоглох боломжгүй тул аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлбэл “Хөхөө шувууны домог" хөдөөгийн багачуудад хүрэх нь ээ.

Гучин гурван жилийн түүхтэй Бэрхийн соёлын ордны уран бүтээлчид өнгөрөгч зургаадугаар сард “Хөгжилтэй найзууд” хүүхэлдэйн жүжиг тавьж байжээ.



 

 

Холбоотой мэдээ