АСЕАН-ы орнууд чөлөөт худалдааны бүс байгуулахаа хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-11-04 10:38:46

БАНГКОК. /Deutsche Welle/. Тайландын нийслэл Бангкок хотноо гурван өдөр үргэлжилсэн Зүүн Өмнөд Азийн улсуудын /АСЕАН/ дээд хэмжээний уулзалтад оролцогсод дэлхийд томоохонд тооцогдох чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээнд гарын үсэг зурж чадсангүй.


Хэлэлцээнд оролцогсод Энэтхэг улсын байр суурийн улмаас санал нэгдэж чадаагүй байна. Тус улсын эрх баригчид Хятадын хямд үнэтэй бараа бүтээгдэхүүний урсгалаас дотоодын компаниудад учрах үр дагаварт санаа зовниж буйгаа илэрхийлжээ. "Энэтхэгийн тал “хангахад хэцүү” шинэ шаардлагуудыг тавьсан” гэж “Deutsche Welle” сувгийн мэдээлэлд дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор Хятад улсын санаачилсан энэхүү хэлэлцээрийг батлах хугацааг 2020 оны хоёрдугаар сар хүртэл хойшлуулжээ.


Уг гэрээ нь АСЕАН-ы арван гишүүн орон, түүнчлэн Австрали, Энэтхэг, БНХАУ, Шинэ Зеланд, БНСУ, Япон зэрэг улсуудыг хамарчээ. Эдгээр улс нь дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг эзэлдэг бол дэлхийн хүн амын бараг тал хувь нь оршин суудаг билээ.


Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зочноор оролцжээ. Тэрбээр уур амьсгалыг хамгаалахад тодорхой арга хэмжээ авахыг уриалсан байна. Олон улсын хамтын нийгэмлэг нүүрсийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглахаа зогсоох хэрэгтэй гэж Антонио Гутерриш цохон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ