Малын бүртгэлийн шинэчилсэн системийг Өвөрхангай аймагт туршина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-05 13:52:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малыг ялган тэмдэглэх, бүртгэх мэдээллийн шинэчилсэн системийг турших төсөлд Өвөрхангай аймгийн Баянгол, Гучин-Ус, Бат-Өлзий, Уянга сумын 356 малчин өрхийн 190 мянган толгой  малыг хамруулахаар болжээ. Уг төсөл малын чанар, үүлдрийг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, гарал үүслийг тодорхойлох, малын эрүүл мэнд, малын хулгайтай тэмцэхэд онцгой ач холбогдолтойг албаны хүмүүс хэллээ.

Төслийг ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран, Дэлхийн худалдааны байгууллагын Хөгжлийн сангийн санхүүжилтээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Өвөрхангай аймагт болсон төслийн нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Ж.Сауле, Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт–Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн С.Дивангар болон орон нутгийн малын эмч нар оролцлоо.

ХХААХҮ-ийн дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Ж.Сауле: “Малыг бүртгэлжүүлэх асуудал мэдээллийн сан, сүлжээ бий болгох ажил манай орны хувьд шинэ зүйл биш юм. Гагцхүү салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад мал бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, шинэчлэн хөгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн үндэсний мэдээллийн систем, тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Иймээс Монгол Улсын  бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт тохирсон бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, мал, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүртгэлийн системээр хянах, баталгаажуулах тогтолцоонд шилжих зорилтыг ХХААХҮЯ өмнөө тавьсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс баруун аймгуудыг ч бүртгэлд хамруулах асуудлыг үүрэг болгож байна. Энэ ч бас тулгамдаж байгаа асуудлын нэг юм. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчийн ширээнд очих хүртэлх бүх мэдээллийг бүртгэлээр дамжуулан авдаг, хянадаг, мэдээлдэг болохыг зорьж байна. Энэхүү туршилтын төслийг хэрэгжүүлснээр бид өмнөө тавьсан зорилтоо хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдгийг  тодорхойлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломж бүрдэнэ гэж итгэж байна. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого, стратегийн зорилтод хүргэхэд бидний хамтын ажиллагаа чухал” хэмээв.

Мөн үеэр “Мал сүргийг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого чиглэл”, “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийг сайжруулах төслийн танилцуулга”, “Швейцарийн хөгжлийн агентлагаас Өвөрхангай аймагт хэрэгжүүлж буй төслийн танилцуулга”, “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийн өнөөгийн байдал” сэдвээр албаны хүмүүс илтгэл тавьж,  хэлэлцүүлэг өрнүүллээ.


Холбоотой мэдээ