Төрийн мэдээллийг хайлтын нэг системд орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-05 14:18:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд орууллаа. Уг ажлыг АТГ, Нээлттэй нийгэм хүрээлэн дэмжиж, “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан хийгээд байна.

www.opendatalab.mn хайлтын систем нь анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар нэгтгэснээрээ онцлог юм. Энэ хайлтын системд хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 197 мянга 85 байгууллага, 489 мянга 494 хувь хүн, 17 мянга 26 тендер, 73 мянга 189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг багтаажээ.


Үүнтэй холбоотой “Нээлттэй өгөгдөл: Хайлтын системийг ашиглах нь” сургалтыг АТГ, Нээлттэй нийгэм хүрээлэн хамтран энэ сарын 4-8-нд хуульч, сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгч, оюутан залууст зориулан зохион байгуулж байна. Түүнчлэн нээлттэй өгөгдлийг танилцуулах “Хоёр хотын цадиг” үзэсгэлэн Уран зургийн галерейд гарч байна.

Үзэсгэлэн, сургалтыг нээж АТГ-рын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлэхдээ “Мэдээлэл, мэдлэгтэй иргэд хариуцлагыг шаардаж, эрхээ эдлэх чадвартай байдаг.  Хариуцлагатай, ил тод, сайн засаглалыг бэхжүүлэхэд үнэн, бодит мэдээллийн сурвалж шаардлагатай байна. Энэхүү нээлттэй өгөгдлийн сан иргэд, залуусын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно” хэмээв.


Хайлтын системийг ашиглаж, эх сурвалжийг дурдахдаа төрийн байгууллагын анхдагч эх сурвалжтай тулгаж, нягтлах нь зүйтэй. Учир нь хайлтын системд мэдээлэл оруулах нь цаг хугацааны хязгаарлалттай тул мэдээллийн өөрчлөлт нь системд ороогүй байх, овог нэрийн давхцал гарах магадлалтай. Тиймээс АТГ, Худалдан авах ажиллагааны газар, АМГТГ, Улсын бүртгэлийн газар, СЕХ гэсэн төрийн таван байгууллагын анхдагч эх сурвалжаар зочлохыг санаачлагчид зөвлөлөө.

Хамгийн сүүлийн үеийн, өргөн мэдээлэл агуулсан нээлттэй өгөгдлийг ашиглах талаар Уран зургийн галерейд энэ сарын 4-8-нд очиж, заавар зөвлөгөө авах боломжтой талаар АТГ-аас мэдээлж, иргэдийг идэвхтэй оролцохыг урив.

Холбоотой мэдээ