Цахим хэлэлцүүлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-11-06 21:23:31

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд “Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах цахим хэлэлцүүлэг”-ийг энэ сарын 5-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг онлайнаар удирдсан байна. 

Хэлэлцүүлэгт аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, аймаг дахь цагдаагийн газрын удирдлага, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид, аймгийн ЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд, малчдын төлөөлөл оролцлоо.

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгаа шалтгаан, цаашид анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутгийн түвшинд тулгамдсан асуудал, ялын бодлогод тусгуулах талаар санал солилцжээ.
Холбоотой мэдээ