АНУ-БНСУ-ын төлөвлөсөн цэргийн сургуулийг хурцаар шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-07 07:34:00

ПЁНЬЯН. /Yonhap/. АНУ цэргийн хамтарсан сургуулийг БНСУ-тай явуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэнийг БНАСАУ шүүмжлээд, манай улстай дайсагнаж буйгаа зарлаж байгаа явдал хэмээн мэдэгджээ.


KCNA” агентлагийн лхагва гарагт нийтэлсэн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Квон Жон Гуны мэдэгдэлд, АНУ-ын зэвсэгт хүчин ирэх 12 дугаар сард БНСУ-ын армитай агаарын цэргийн хамтарсан сургууль хийхээр төлөвлөж буйг БНАСАУ-ын эсрэг дайны сургуулийг ил тод явуулахаар зорьж буй хэрэг гэжээ.


“Бидний тэвчээр хязгаартаа хүрэхэд тун ойртож байгаа бөгөөд бид цаашид АНУ-ын бодлогогүй үйлдлүүдийг зүгээр хараад суухгүй. Удахгүй явуулахаар төлөвлөж буй цэргийн хамтарсан сургууль нь БНАСАУ-ыг хэдийн авсан шийдэмгий арга хэмжээнүүдийнхээ талаар дахин тунгаан бодоход хүргэж болзошгүй” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Квон Жон Гун нь өнгөрсөн 10 дугаар сард Шведэд болсон ажлын түвшний хэлэлцээнд оролцсон БНАСАУ-ын төлөөлөгчдийн нэг юм. Тухайн үед БНАСАУ-ын төлөөлөгчид мэдэгдэхдээ, яриа хэлэлцээ амжилт олсонгүй хэмээгээд, цаашид хийх алхмууд АНУ-ын гаргах шийдвэрээс хамаарна гэжээ. 

Холбоотой мэдээ