Ажилтныхаа хүүхдүүдэд зориулсан "Хүүхдийн өрөө” тохижуулжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-07 15:13:42

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын албан байгууллага, аж ахуйн нэгжийн “Эцэг эхийн зөвлөл”-ийн гишүүдийн уулзалт болов.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор албан байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд “Эцэг эхийн зөвлөл” байгуулах, хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллахыг үүрэг болгосон билээ.

Тэгвэл Жаргалант сумын албан байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтворжуулах, дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох уулзалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт /ГБХЗХГ/ зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон 80 гаруй байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”-ийн дарга, гишүүд оролцов.

Энэ үеэр хүүхдийн эрх болон хамгааллын тухай хууль, жишиг баримт бичиг, эцэг эхийн зөвлөлийн байгууллагын ажиллах зөвлөмжийг холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа.

Жаргалант сумын байгууллагуудын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл” цаашид байгууллагынхаа хүүхэд хамгааллын бодлогыг шинэчлэн батлахаар боллоо. Ман ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааны тайлан гаргаж нэгдсэн байдлаар аймгийн ГБХЗХГ-т ирүүлснээр шилдэг гурван “Эцэг эхийн зөвлөл” шалгаруулж, тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ.  

Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр байгууллагын хүрээнд хэрэгжүүлсэн зарим ажил, холбогдох санал хүсэлтээ нээлттэй илэрхийлж, оролцогчид харилцан санал солилцсон юм.

Тухайлбал, Ховд аймгийн ГБХЗХГ-аас ажилтныхаа хүүхдүүдэд зориулсан "Хүүхдийн өрөө” тохижуулжээ. Энд тухайн байгууллагын ажилтны хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хичээл давтах, хөгжих бүрэн боломжтой аж. Хүүхдийн өрөөнд үлгэр, уран зохиолын номын булан, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, чөлөөтэй амрах орчин бүрдүүлсэн гэнэ. Цаашид бусад байгууллагууд энэ мэтчилэн ажилтныхаа  хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодит ажил хийхийг уриаллаа.

Мөн хүүхдийн хөдөлмөр, анхан шатны тусламж, хүүхдийн оролцоо, мэргэжлээ хэрхэн сонгох, эрүүл амьдрах дадал хэвшил зэрэг  8 төрлийн 200 гаруй тарааж материалыг оролцогчдод хүлээлгэн өгчээ.

 

Холбоотой мэдээ