Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ төрсөн өдрөөр нь цалинтай чөлөө олгохыг дэмжиж захирамж гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-07 15:25:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн"-өөс гаргасан санаачилгыг дэмжиж энэ сарын 6-ны өдөр "Хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хөгжлийг дэмжих, эрхийг хангах зарим арга хэмжээний тухай" 766 тоот захирамж гаргажээ.

Захирамжид хүүхдэд ээлтэй орон нутаг болох зорилтын хүрээнд 0-18 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгож байхаар зааж, уг асуудлыг байгууллагын онцлогт тохируулан хөдөлмөрийн дотоод журам, "Ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр"-т тусган хэрэгжүүлэхийг даалгажээ.

Мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эерэг харилцаа бий болгох зорилгоор сар бүрийн эхний долоо хоногийн баасан гарагийг "Гэр бүлийн өдөр" болгон зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Тус захирамж нь баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх ажээ.

Холбоотой мэдээ