Олон улсын сансрынхан Монголд чууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-11-07 17:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (АНДСХАБ)-ын Удирдах зөвлөлийн 13 дахь хурал манай улсад боллоо.

11-р сарын 5-7-нд болсон гишүүн орнуудын удирдлагуудын төлөөлөл бүхий Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат удирдан явууллаа.

Хуралд Бангладеш, БНХАУ, Иран, Монгол, Пакистан, Перу, Тайланд, Турк  зэрэг улсын удирдах түвшний 50 орчим төлөөлөгч оролцож АНДСХАБ-ын үйл ажиллагааг дүгнэн, санхүүгийн болон аудитын тайлан, хөгжлийн төлөвлөгөө, гишүүнчлэлийг өргөжүүлэх бодлого, баримтлах журам зэрэг нийт 20 гаруй зүйл дээр тогтон хэлэлцэн шийдвэрлэлээ.


Хурлын үеэр тус байгууллагын боловсрол, сургалтын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд БНХАУ-ын баруун хойд Политехникийн их сургууль, Харбины технологийн институцтэй хамтран ажиллах гэрээг хуралд оролцогч орнуудын гишүүн төлөөлөл байгуулж гарын үсэг зурав.  

Мөн хиймэл дагуулын мэдээ хамтран ашиглах чиглэлээр Хятадын үндэсний сансрын агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь гишүүн орнуудын хувьд сансрын технологи, түүний хэрэглээний чиглэлээр хүний нөөцөө чадавхжуулахад чухал алхам болсныг хуралд оролцогч нар онцоллоо.


АНДСХАБ нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь сансрын салбарыг энхийн зорилгоор ашиглах Засгийн газар хоорондын байгууллага юм. Сансар судлал, сансрын технологи ба хэрэглээ, сургалт гэсэн үндсэн чиглэлүүдийг хамарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд одоогийн байдлаар эгнээндээ Монгол, БНХАУ, Бангладеш, Иран, Пакистан, Тайланд, Турк, Перу гэсэн найман үндсэн гишүүн, ажиглагч гишүүн Мексик, сонирхогч гишүүн Индонези болон Египет улсыг багтаадаг.


Манай улс энэхүү байгууллагыг үүсгэн байгуулагч орны нэг бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажилладаг юм.

Холбоотой мэдээ