“Талын түмэн адуу-2019” наадмыг 13 орны зочид төлөөлөгчид үзэж сонирхжээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-11-11 15:11:03

Хэнтий /МОНЦАМЭ/ "Мөнх харилцаа" ТББ-ын санаачилгаар "Талын түмэн адуу" өвлийн бэсрэг наадмыг зургаа дахь жилдээ Батноров сумын Хөхүүрийн талд зохион байгууллаа.  Энэ жилийн наадамд 13 орны 3000 орчим зочид төлөөлөгчид ирсний дотор АНУ-ын Элчин сайд хадагтайнхаа хамтаар морилон саатжээ.

Ингээд “Талын түмэн адуу" наадмын үеэр болсон уралдаан тэмцээний талаар Батноров сумаас ирүүлсэн мэдээллийг хүргэе.

            Гурван өдөр болсон тус наадмын эхний өдөр "Сүлдэнд мөнхөрсөн хүлэг" дууны тэмцээнээр эхэлжээ. Наадмын тэргүүн байрт Батноров сумын Б.Ням-Очир, дэд байрт Бэрх тосгоны Б.Цолмонбаатар, гутгаар байрт Хэрлэн сумын А.Адъяасүрэн, тусгай байрт Баян-Овоо сумын М.Мөнхдэлгэр, Батноров сумын Б.Бариашир, Батширээт сумын Н.Амаржаргал нар шалгарсан байна.

 “Шургуу-2019" тэмцээнд нийт 42 адуучин оролцсон бөгөөд явган шургуулж уургалах төрөлд нэгдүгээр байрт Мөрөн сумын Э.Даваадорж, хоёрдугаар байрт Түмэнцогт сумын Т.Галбадрах, гуравдугаар байрт Биндэр сумын Х.Бат-Эрдэнэ, тусгай байрт Батноров сумын Э.Барсболд нар шалгарлаа. Эмнэг булгиулах төрөлд 10 адуучин оролцож, Батноров сумын С.Лхагва- Эрдэнэ, Баян-Адарга сумын Ц.Алтанхүү, Батноров сумын Ц.Наранхүү нар эхний гурван байрт орлоо.

 Энэ жил хурдны удмын санг тээгч, угшил сайт монгол гүүг шалгаруулах “Хэнтий аймгийн Шилмэл гүү” уралдааныг аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулж, Батноров  сумын Э.Цэдэнжав тэргүүллээ. Мөн "Торгон тар" богино зайн бооцоот уралдаанд Баян-Адарга сумын Б.Төрхүүгийн хул түрүүлж, Батноров сумын Б.Тэмүүлэнгийн саарал аман хүзүүдэж, Баян-Адарга сумын С.Эрдэнэбулганы хар удаалав.

 “Хос сайхан морьтон” тэмцээнд нэгдүгээр байрт Батноров сумын Э.Золхийморь, Г.Ганзул, хоёрдугаар байрт Батноров сумын П.Пашчарав, Б.Мөнхзул, гуравдугаар байрт Батноров сумын П.Гөлгөө, Ц.Баттуяа нар шалгарчээ.

   Гэрэл зурагчдын дундах “Адууны хийморь” гэрэл зургийн уралдаанд Архангай аймгийн Э.Батхүү тэргүүлж, Хэнтий аймгийн Г.Баясгалантөгс, Э.Бат-Амьдрал нар удаах байруудад шалгарсан байна.

     "Талын түмэн адуу-2019" наадмын хүрээнд "Талын гөрөөчин" анч нохдыг өрсөлдүүлсэн юм. Гөлгөн нохойны ангилалд шилдгээр Батноров сумын Ч.Гантөмөр, дэд байрт Мөрөн сумын Г.Чинхүслэнгийн анч тайга ноход оржээ.

       Адуучны төрөл бүрийн тэмцээнүүдэд оролцохоор Хэнтий аймгийн бүх сум, Сүхбаатар,Увс, Булган аймгаас гадна Өвөр Монголын Шилийн гол, Хөлөнбуйр аймгаас төлөөлөл ирсэн аж. Энэ үеэр Удамт монгол хүүхдүүдийн морьтон жагсаал, Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн дэлгэж, Шувуулахуйн холбооны залуус Шонхор шувуутайгаа ирж, Монгол эрсийн эд бярыг харуулсан үзүүлбэр үзүүлж хурсан олныг баясгажээ.

Энэ жилийн наадмыг БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Батноров сумын ЗДТГ, "Эргэх холбоо" ТББ, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Батноров сумын нутгийн зөвлөл дэмжин ажилласан байна.


Гэрэл зургийг Г.Баясгалантөгс 

 

Холбоотой мэдээ