Хүүхэд харах үйлчилгээг 29 иргэн эрхэлж байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 11:15:03

Өвөрхангай аймагт Арвайхээр, Богд, Хархорин, Уянга, Есөнзүйл суманд 29 иргэн 14 цэгт хүүхэд харах үйлчилгээг явуулж, 140 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлж байгаа юм.

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан 5 төрлийн чадамж олгох сургалтанд 63 иргэн хамрагдаж, хүүхэд харах үйлчилгээний эрх бүхий гэрчилгээгээ авснаас дээрх иргэд үйл ажиллагаагаа эхлүүлж, тал хувь нь ажлын байрны нөхцөлөөс шалтгаалан ажиллаж эхлээгүй байгаа аж. Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтыг төрөөс олгоогүй байгаа учраас хувь хүн өөрөөсөө зардал гаргаж, хүүхдүүдийнхээ хоол хүнсний хэрэгцээг хангаж байгаа нь ихээхэн хүндрэл учруулж байгааг тэд хэлж байлаа.

Өвөрхангай аймагт цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 1600 гаруй хүүхэд байгаа учраас хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай байгааг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн холбогдох мэргэжилтэн хэлж, гэрчилгээ олгох сургалтыг байнга явуулна гэж байлаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ