Соёл, урлагийн удирдах ажилтнуудад шинэ хандлагын хичээл заав

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-13 19:13:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас соёл, урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан “Соёл, урлагийн байгууллагын тогтвортой хөгжил-удирдахуйн шинэлэг хандлага” дөрөв дэх удаагийн сургалтыг энэ сарын 11-12-нд Монгол Улсын их сургуульд зохион байгуулав. 

Сургалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Хуягцогт, Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн нар оролцож соёл, урлагийн салбарын 2019 оны төсвийн орлого, зарцуулалт, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээллээ. 

МУИС, ШУТИС, СУИС, Отгонтэнгэр их сургуулийн эрдэмтэн багш, Азийн сан, “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ болон ХБНГУ-ын Соёл, урлаг хэвлэл мэдээлэл, эдийн засгийн хүрээлэнгийн сургагч багш нар төрийн өмчийн соёл, урлагийн байгууллагын 40 гаруй удирдах ажилтан, менежерт хичээл зааж сертификат олголоо гэж Соёл урлагийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ