З.Баянсэлэнгэ:Барилгын ажилтнуудыг эрсдлийн даатгалд хамруулах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-15 13:13:09

Монгол Улс барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нарийн хуульчилж өгсөн боловч төдийлөн амжилттай хэрэгжүүлж чадахгүй байгааг БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 4 дүгээр зөвлөгөөн”-ий үеэр онцлов.

Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт нэмэгдэж, барилгын салбар хурдацтай хөгжих болсон. Энэ хэдийгээр сайн үзүүлэлт ч нөгөө талаараа хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, хүний амь эрсдэх тохиолдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Эдийн засгийн хямралтай холбогдуулан олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоожээ. Үүнээс үүдэн “Барилгын бригад” буюу хувь хүмүүс нийлж барилгын ажилд туслан гүйцэтгэгч хийх нь нэмэгдсэн. Гэвч эдгээр хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлага хангадаггүй тул гэмтэх, амь эрсдэх тохиолдол их байгааг З.Баянсэлэнгэ сайд хэллээ.

Тэрбээр, “Өнөөдрийн барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт анхаарах цаг болсон. Энэ бол зөвхөн барилгын салбарын асуудал биш. Хууль, дүрэм, журам хэрэгжүүлэгч төрийн байгуулллагууд энэ чиглэлд анхаарах хэрэгтэй. Барилгын хууль шинэчлэгдсэн. Энэ хуулиар барилгын салбар дахь нийгмийн даатгалын оролцоог нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, барилга эхэлснээс дуусах хүртэл тэнд ажиллаж байгаа бүх хүнийг нийгмийн, эрсдлийн болон бусад төрлийн даатгалд хамруулах ёстой болсон” гэв.

Статистик мэдээллээр сүүлийн есөн жилийн хугацаанд  тус салбарт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 иргэн амь насаа алджээ.  Тухайлбал, 2013 онд  69 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 28 хүн ослоос үүдэн нас баржээ.

Зөвлөлгөөнд оролцогсод "Барилга барьж байгаа бол тэр дундаа 1.5 метрээс дээш өндөрт ажил хийж байгаа бол заавал хамгаалах бүс зүүх, уг бүс нь хоёр аргамжаатай байх ёстой. Мөн хамгаалалтын бүрэн хувцас хэрэгсэл өмсөж хэвших нь чухал. Хамгаалах хувцас өмссөн хэрнээ эрсдэлд орж осолдсон бол юунаас болсон бэ гэдгийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажилладаг. Магадгүй хувцас хэрэгсэл шаардлага хангаагүй тохиолдолд худалдан авсан компанидаа хандах ёстой. Тус компанийн нийлүүлж буй хамгаалах хувцас бүр өөрийн кодтой байдаг тул энэ бүхнийг барилгын компаниуд нягтлах ёстой" гэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ