Чингис хотын гэр хорооллын гэрэлтүүлгийг эко байдлаар шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-14 13:33:24

Хэнтий /МОНЦАМЭ/ Ирэх онд Чингис хотын гэр хорооллын гэрэлтүүлгийг эко байдлаар бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар тус сумын ЗДТГ-аас мэдээллээ. 


Нийтдээ 5000 гаруй өрхийн 11,000 хүн амьдарч буй Чингис хотын гэр хорооллын гэрэлтүүлгийг шийдэхэд зургаан метр өндөр, 90 вт-ын гэрэлтүүлэг бүхий 1980 шон шаардлагатай гэсэн тооцоолол хийгээд байгаа аж. Энэхүү гэрлийн цахилгааны зардал нь хоногт 180,000 буюу жилд 68,200,000 төгрөгийн зардал шууд нэмэгдэхээс гадна анх хийхэд цахилгаан утасны, газар шорооны ажлын зардал нэмэгдсэнээр өртөг өндөр гарахаар байна. Иймд хотын гэр хорооллын гэрэлтүүлгийг хамгийн сүүлийн үеийн технологи болох сэргээгдэх эрчим хүч буюу нарны энергийн гэрэлтүүлгээр шийдэх ажил ид судалгааны шатанд явж байна.


Уг гэрэл нь байгалийн гэрлийг мэдэрч асдаг бөгөөд мөн хөдөлгөөн мэдрэгдсэн үед бүрэн хүчин чадлаараа асдаг (90 вт) хөдөлгөөн илрээгүй үед тухайн хүчин чадлынхаа (50%) мэдэрч ажилладаг юм байна. Тиймээс ашиглалтад орсны дараа нэмэлт зардал гарахгүй, угсралтын үед холбогч утас ашиглахгүй нь анхны үнийг багаар тогтоох боломжтойг илтгэж байна. 

Энэхүү ажлыг амжилттай хийвэл Чингис хот улсын хэмжээнд анх удаа гэр хорооллынхоо гэрэлтүүлгийг байгальд ээлтэй, ашиглалтын зардалгүй шийдвэрлэж чадсан анхны хот болох юм.

Хэрлэн сумын ЗДТГ-аас жил бүр нэг ажлыг онцлон авч бүрэн шийдвэрлэж ирсэн. Тухайлбал, 2017 онд хогны шинэ менежментийг амжилттай хэрэгжүүлэн, 2018 онд СӨХ-ны ажлыг эхлүүлж, 2019 онд хотын нийтийн тээврийн асуудлыг монгол инженерүүдийн бүтээсэн эко автобусаар шийдвэрлэсэн байдаг.


Холбоотой мэдээ