Бүтээлч багшийн шавь улсад түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-14 16:59:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 11б ангийн сурагч М.Хажидмаа "Монгол - Солонгосын нөхөрлөл" улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.

Сурагч М.Хажидмаа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит 5 дахь удаагийн "Монгол - Солонгосын нөхөрлөл" улсын уралдаанд гар урлал төрөлд ур ухаан, авьяас чадвараа дайчлан монгол гэр дотор 30 гаруй монгол, солонгос хүүхдүүд шагайн наадгайгаар наадаж буй бүтээлээрээ оролцож, 920 гаруй сурагчаас шалгаран ийн тэргүүлжээ. Түүний энэхүү бүтээлийн орчин нь солонгос ахуйтай байснаараа онцлог болсон гэнэ.

М.Хажидмаагийн хувьд өмнө нь Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойд зориулсан "Үсэг урлалд амилахуй" улсын уралдаанд тусгай байрт шалгарч байжээ. Түүнийг удирдсан багш, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕББДС-ийн монгол хэл бичгийн багш Ж.Гэрэлмааг бүтээлч, хөдөлмөрч, уран сэтгэгч багш гэдгээр уншигчид андахгүй. Учир нь тэрээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг Үндэсний сайхан бичигтэн улсын уралдааны шилдэг оролцогч, удаа дараа тэргүүн байрын эзэн болж байсан багш.

Түүний удирдан явуулдаг “Цаасан урлал”-ын дугуйлангийн сурагчид мөн улсын уралдаан тэмцээнд аймгаа төлөөлөн оролцож, амжилтын буухиаг авч ирдэг хүүхдүүд бөгөөд нэгэн төлөөлөл нь М.Хажидмаа юм. Авьяаслаг сурагч маань багшийнхаа удирдсан цаасан урлалын дугуйланд 6-р ангиасаа хойш одоог хүртэл суралцаж байгаа аж. Тус дугуйлангийн хүүхдүүд зөвхөн цаас гэхгүй мод, хайчилбар, хатгамал, наамал сийлбэр гээд олон зүйлийн материал ашиглан бүтээлээ хийдэг уран сэтгэгчид юм. Тус дугуйлангийн хүүхдүүд 7-р ангидаа Монпрэшийн сав ашиглан бүтээл хийж шалгаран 7 хоног уух ундаагаар шагнуулж байсан гэнэ. Бүтээлч багшийн шавь нар улсдаа аймгийнхаа нэрийг мандуулан багшийн эрдэм шавьд гэдгийг батлан харууллаа.  

 

 

Холбоотой мэдээ