С.Е.Лавровын айлчлал хоёр орны эдийн засгийн харилцааны хөгжилд түлхэц үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-04-15 15:16:48

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааны хөгжилд томоохон түлхэц үзүүлэхүйц үр дүнтэй боллоо хэмээн Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа онцоллоо.

Өчигдөр буюу энэ сарын 14-нд Сергей Викторович Лавров Монгол Улсад айлчлал хийсэн айлчлалынхаа хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхсан юм. Мөн үеэр Монгол, ОХУ-ын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөрийг батлахын тулд хоёр орны ажлын хэсэг 3-4 жил боловсруулж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар зүйл, заалт бүрийг нарийн тусгасан хэмээн Элчин сайд Б.Дэлгэрмаа хэлэв.

Тэрбээр, “Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-д болсон “Эдийн засгийн форум”-д оролцож, тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай ганцаарчилсан уулзалт хийсэн. Уг уулзалтын үеэр хоёр орны хамтарсан үйлдвэрүүдийн талаар хэлэлцсэнээр өчигдөр гарын үсэг зурсан хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэх орчин бүрдсэн гэж үзэж болно. Сүүлийн хэдэн жил хоёр орны улс төрийн харилцаа маш өндөр хөгжиж байгаа ч худалдаа, эдийн засгийн харилцаа харьцангуй хоцрогдмол байна. Гэхдээ улс төрийн харилцааны дүнд иргэд харилцан визгүй зорчих болсон. Үүнтэй холбогдуулан эдийн засаг, худалдааны харилцаа хөгжих боломж бүрдсэн.

Стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлхийн тулд хил залгаа бүс нутгаар бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, мах, махан бүтээгдэхүүн экспортлохын тулд малаа эрүүлжүүлэх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ зэрэг шийдвэрлэх ёстой олон асуудал тулгамдаж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийсэн уулзалт маш үр өгөөжтэй болсон. Уулзалтаар Монгол Улсад бүтээн байгуулж буй Эгийн голын усан цахилгаан станц болон төмөр зам, “ОХУ-Монгол-БНХАУ-ын Эдийн засгийн коридор” зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Монгол Улс хөрш орнуудаараа дамжуулан улсаа хөгжүүлж, Ази, Европыг холбосон эдийн засгийн гарц болох чиглэлээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэрэгжүүлж буй бодлого маш үр дүнтэй хэрэгжиж байгаа  нь айлчлалын үеэр харагдсан.

Эгийн голын усан цахилгаан станцаас эхлээд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээн байгуулж буй аливаа төсөлд хөрш орнууд оролцох нь зохимжгүй гэж хэт үндсэрхэг үзлээр хандах хүмүүс бий. Дэлхийн дулааралтай холбоотой байгаль, экологийн асуудал нэг орны шийдвэрлэх зүйл биш. Тиймээс байгаль орчинтой холбоотой төсөл хөрш орнуудад хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судлах хэрэгтэй юм.

ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцийг байгуулснаар Байгаль нуурын усны түвшин нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал алдагдах магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сергей Викторович Лавровтай уулзах үеэр тус төслийн талаар нарийн танилцуулж, Байгаль нуурт сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан” хэмээв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ