Амазоны ой модны эзлэх талбай ихээр багасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-11-19 11:33:47

БРАЗИЛИА. /BBC/. Бразилын Амазон ширэнгэн ойн ойгүйжилт 12 сарын хугацаанд 29.5 хувиар буюу 2008 оноос хойш хамгийн их хэмжээгээр өссөн талаар тус улсын Сансрын агентлаг мэдээлжээ.


2018 оны наймдугаар сараас 2019 оны долдугаар сарын хооронд Амазоны ой модны эзлэх талбай 9762 хавтгай дөрвөлжин километрээр багассан гэж Бразилын Шинжлэх ухаан, технологи, инновацын яамны /Inpe/ тайланд дурдсан байна.


Хэт барууны үзлийг баримтлагч Жаир Болсонару энэ оны нэгдүгээр сараас Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээс хойш Амазоны ойгүйжилтийн түвшин хурдацтай нэмэгдсэн гэж эрдэмтэд мэдээлжээ. Тэдний үзэж буйгаар, Ерөнхийлөгч байгаль хамгааллаас илүү хөгжлийг дэмждэг ажээ.


Өнгөрсөн долдугаар сард “Inpe”-гийн танилцуулсан тайланг учир дутагдалтай хэмээн үзсэн Ж.Болсонару шинэ тайлангийн талаар мэдэгдэл хийгээгүй байна. Дэлхийн хамгийн том ширэнгэн ой болох Амазон дэлхийн дулаарлын явцыг удаашруулахад амин чухал үүрэг гүйцэтгэдэг хүчилтөрөгчийн эх үүсвэр юм.


Бразилын өмнөх Засгийн газрууд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ойгүйжилтийг бууруулахын тулд холбооны агентлагуудтай хамтран ажиллаж, торгуулийн системийг нэвтрүүлжээ. Харин Ж.Болсонару болон түүний сайд нар шийтгэлүүдийг шүүмжилдэг бөгөөд хураагдсан бэлтгэсэн модны хэмжээ, байгаль орчны эсрэг гэмт хэргийг гэм буруутай хэмээн тогтоосон байдал ихээхэн буурчээ. 

Холбоотой мэдээ