Хонконгийн хүний эрхийн тухай хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-20 08:44:19

ВАШИНГТОН. /TASS/. Хонконгийн ардчилал ба хүний эрхийн тухай гэх нэртэй хуулийн төслийг  АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гарагт санал нэгтэйгээр баталлаа.


Уг хуулийн төсөлд Хонконгийн нөхцөл байдлын талаар хууль тогтоогчдод тогтмол тайлагнахыг АНУ-ын засаг захиргаанаас шаардахын зэрэгцээ өөртөө засах энэхүү бүс нутагт хүний эрхийг зөрчснийхөө төлөө хариуцлага хүлээх ёстой гэж Вашингтоны үзэж байгаа хүмүүст хориг арга хэмжээ авах талаар тусгажээ. Сенатын танхимын хурлыг телевизийн C-SPAN суваг шууд дамжуулсан байна.


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Хонконгтой холбоотой хуулийн төслийн өөрсдийн боловсруулсан хувилбарыг 10 дугаар сард баталжээ. Одоо хоёр танхим хуулийн төслийн нэг хувилбарыг хэлэлцэн тогтох ёстой бөгөөд үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурна.


Америкийн хууль тогтоох байгууллагын доод танхим ийм хуулийн төсөл баталсныг Хятадын эрх баригчид өмнө нь эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Хэрэв холбогдох санаачилгыг эцэслэн баталбал АНУ-ын эрх баригчид Хонконг болон эх газрын Хятад дахь өөрийн ашиг сонирхолд автоматаар цохилт өгч, Хятад-Америкийн харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам сануулжээ.


Холбоотой мэдээ