Их-Уул сумын Асгат багийг 24 цагийн эрчим хүчинд холбов

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-20 21:33:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат баг 24 цагийн эрчим хүчинд холбогдож, орон нутгийн иргэд жижиг дунд үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх, зурагт үзэж цаг үеийн мэдээ, мэдээллийг авах, цахилгаан хэрэгсэл ашиглаж ая тухтай амьдрах зэрэг олон боломж нээгдэж байна.

Эрчим хүчийг Тарилангийн Зүлэгтийн гүүрнээс 32 километрт татсан байна. Ирэх жилээс Хөвсгөл аймгийн анхны хүрээ байсан тус газарт хийдийг сэргээж шашны сургуулийг барихаар төлөвлөж байгаа гэнэ. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Зүүн Асгатын хүрээ нь 6 том дуган болон Жүд, Дүйнхор, Цогчэн, Цанид дацангууд бүхий хуралтай нэлээд том эртний Хүрээ байжээ. Тус хийдийн үүсгэл нь 1700-аад оны сүүл үеэр Хар Морьт сахиусыг залах үестэй хийдийн шав тавигджээ. Түүнээс хойно Сайшаалт ерөөлтийн 19 онд буюу 1814 онд Бэйс Няланбарын үед Цогчэн хурлын дуган түүний араас залгуулан тус тус дацангуудыг байгуулжээ.

Дацан гэх нэршил нь 18-20 жилийн сургалттай коллежтой дүйх ба Хүрээ гэх ойлголт нь олон дацан, сүм, дуган, лам хуваргаас бүрдсэн шашны төвлөрсөн томоохон хэмжээний төвийг хэлж байжээ. Үүнээс үзэхэд Их-Уул сумын Зүүн Асгатын хүрээ нь томоохон хэмжээний шашны төв байсан бөгөөд тус хурал нь 1937 оны эхээр хаагдан дуган сүмүүд эзгүйрч 1940-өөд оны эхээр нураасан ажээ.



Холбоотой мэдээ