Шинэчлэн баталсан стандартын мэдээллийг иргэдэд хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс шинэчлэн баталсан стандартын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор
сумдад ажиллаж, сургалт зохион байгуулсан байна.
Дээрх ажлын хүрээнд тус хэлтсийн хамт олон Хүдэр, Ерөө суманд ажиллаж, тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний худалдаа үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ хийжээ. Мөн шинэчлэн баталсан стандартаар ханган, мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгч, худалдаа үйлчилгээнд ашиглагдаж буй хэмжих хэрэгслийг баталгаажуулсан байна.
Түүнчлэн Хүдэр
сумын ЗДТГ-тай хамтран тус сумын худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд салбарын хууль
тогтоомж, шинэчлэн баталсан стандартын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор
сургалт зохион байгуулжээ. Сургалтын хүрээнд 20 гаруй худалдаа, үйлчилгээ
эрхлэгчдэд “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээний ерөнхий шаардлага”
шинэчлэн баталсан стандарт болон шинэчлэн найруулсан “Стандартчилал, техникийн
зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”, “Хэмжил зүйн тухай
хууль”, “Худалдаа үйлчилгээнд түгээмэл илэрдэг зөрчлүүд” сэдвээр тус тус
мэдээлэл хийн, иргэд хэрэглэгчдээс хэлтсийн үйл ажиллагааны талаарх санал
асуулга авч, харилцан ярилцлага зохион байгуулан
ажиллажээ.