Вашингтон хот дахь “IGLOBAL UNIVERSITY”-тай хамтран ажиллана

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-25 11:09:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын Эко 3-р сургуулийн гадаад харилцаанд нэгэн шинэ хуудас нээгдсэн байна. Тодруулбал тус сургуулийн захирал С.Тулга АНУ-ын Вашингтон хот дахь IGLOBAL UNIVERSITY-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэхүү хамтран ажиллах үйл ажиллагаа нь олон удаагийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд албан ёсоор ийн амжилттайгаар шийдвэрлэгдсэнийг тус сургуулийн захирал С.Тулга онцлов. Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсанаар тус сургуульд суралцах хүүхдүүд эхний улиралд сургалтын төлбөрийн 100 хувь, цаашдаа өөрийн сурлагын амжилтаас шалтгаалсан тэтгэлгүүдийг эдлэх аж. Түүнчэн бусдыгаа манлайлан суралцаж тодорхой шаардлага хангасан 5 оюутан тутмын нэг нь их сургуулиа төгстлөө 100 хувийн тэтгэлгээр дээд боловсрол эзэмших боломжтой болж байгаа аж.

Захирлын зүгээс “Мөрөөдөл тань ойртож ирсэн тул хичээгээд байж дээ хүүхдүүд минь” хэмээн уриаллаа. Мөн тэрээр энэхүү үйл ажиллагааг сум, цаашлаад аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлэхэд онцгой анхааран дэмжлэг үзүүлэн ажиллаж буй сургуулийн хамт олон, эцэг эхчүүд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, орлогч дарга Б.Нарантуяа, Мандал сумаас Сэлэнгэ аймгийн ИТХ-д сонгогдсон 7 төлөөлөгч, Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж нарт талархал илэрхийллээ.


Холбоотой мэдээ