Улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-22 19:23:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.


Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байгаа аж. 2018 онд 21 аймагт хийсэн хоршоодын хөгжлийн үнэлгээнд орон нутгийн нийт 3020 хоршоо хамруулснаас 239 нь тогтвортой өсөлттэй, 580 нь  үйл ажиллагаа нь тогтвортой хөгжиж байгаа, 877 нь идэвхжиж буй, 1324 нь зогсонги байна гэсэн дүгнэлт гарчээ. Үнэлгээнд хамруулаагүй 673 хоршоо ажилладаг эсэх нь тодорхойгүй байгаа аж.


Түүнчлэн судалгаанд хамруулсан хоршоодын 8.7 хувь нь огт орлого олоогүй, 54 хувь нь 1 сая төгрөг болон түүнээс бага орлого олсон, 23 орчим хувь нь нэгэн хэвийн өсдөггүй орлоготой, 20 хувь нь буурсан, 39 хувь нь бага зэрэг өссөн гэсэн дүн гарчээ. Тиймээс хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэх бодлоготой нийцүүлэн хоршоог дэмжих, улсын бүртгэлд бүртгэх, хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гишүүний өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд хоршоодын бүтэц, зохион байгуулалт, удирдлага менежментийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэх шаардлага тавьж, хоршоо гишүүдийнхээ нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэж чадахуйц санхүү, төлбөрийн чадвартай болох боломжийг нь бүрдүүлэх асуудлыг тусгажээ. (Хуулийн төслийг бүрэн эхээр энд дарж үзнэ үү)


Хуулийн төслийг хэлэлцэх үед ажлын цаг дууссан тул хэлэлцүүлгийг дараагийн чуулганаар үргэлжлүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ