ОХУ-тай “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл"-ийн харилцаа тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-22 19:26:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


Гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар энэ оны есдүгээр сарын 3-нд  Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана гэж заажээ.


Хуулийг баталснаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хоёр улс бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хоёр талын худалдааг хурдацтай хөгжүүлж, бизнесийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдэх ажээ.


Хуулийг баталсны дараа хоёр тал соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцсон өдрөөс уг гэрээ хүчин төгөлдөр болох юм.  

Холбоотой мэдээ