Орон нутгийн төсвөөс залуучуудад хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 11:02:40

2016 онд зарласан “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд 19 суманд “Залуусын хөгжлийн аян” зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг арга хэмжээг залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Сант сумдад зохион явуулаад байна. Эдгээр байгууллагын тэргүүнүүд ажлын явц байдлыг зорилтот жилийн ажлын хороонд танилцлууллаа.

Аянаар залуучуудын дунд спорт, урлагийн наадам, уулзалт хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж байгаа бөгөөд хөдөөгийн залуучуудын өмнө  ажлын байрны хомсдол, хөнгөлттэй зээл, санхүүжилт, залуу малчин гэр бүлийн 6 настай хүүхдийн сургуульд элсэлт, малжуулалт, бэлчээрийн даац хэтрэлт, орон нутгийн мэдээллийн хүртээмжгүй байдал зэрэг асуудал нийтлэг тулгамдаж байгаа аж.

“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн үйл ажиллагаанд орон нутгаас 400 сая төгрөг төсөвлөөд байгаа ба таван мянга хүртэлх хүн амтай сумдад 5 сая, таван мянгаас дээш хүн амтай сумдад 15 сая төгрөгийн хөнгөлттэй зээлийн дэмжлэг олгохоор ажлын хорооноос шийдвэрлэлээ. Мөн 2010 оноос хойш улс, орон нутгийн төсвөөс малжуулахад зориулсан хөрөнгө эргэн төвлөрөөд байгааг буцаан олгож, залуу малчдыг малжуулахад дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

Аян цааш үргэлжилж Баянгол, Төгрөг, Богд, Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумдад зохиогдохоор боллоо. Үүний дараа Бат-Өлзий, Хархорин, Уянга, Хужирт, Зүүнбаян-Улаан гэсэн хангайн таван суманд үргэлжлэх аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ