Сумдын соёлын байгууллагууд биет бус өвийг сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-11-30 13:08:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Соёлын өв-Хөгжлийн дархлаа форумын хүрээнд сумдын соёлын байгууллагууд биет бус өвийг сурталчлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайлбал, Зүүнбаян-Улаан сумын Соёлын төв биет бус өвийн тухай цуврал мэдээллийг цахим сүлжээ ашиглан олон нийтэд хүргэж байгаа бол Нарийнтээл сумынхан уртын дуугаа хойч үедээ өвлүүлж байгаа юм. Есөнзүйл сумын Шагайн холбооноос бүсийн чанартай уралдааныг зохион байгуулж, Баруунбаян-Улаан сумын ЗДТГ, Соёлын төв хамтран Ж.Янгивын нэрэмжит уртын дуучин, морин хуурчдын аймгийн уралдааныг зохион байгууллаа. Мөн Өлзийт сумын Соёлын төвөөс Монгол Улсын шилдэг өвлөн уламжлагч Д.Дулмаатай уулзалт хийж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Ташрамд дурдахад, сумдын Соёлын төвийн ажилтнуудын ихэнх нь биет бус өвлөн уламжлагчид аж. Нарийнтээл сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Жамбалдорж Монголын анхны мэргэжлийн хөөмийч, Гучин-Ус сумын Соёлын төвийн эрхлэгч О.Цогбат, Есөнзүйл сумын соёлын төвийн эрхлэгч Ц.Мягмарсүрэн нар шагайн харвааны аймгийн Гоц мэргэчүүл, Тарагт сумын соёлын ажилтан Г.Долгорболоож сумынхаа сур харвааны дөрвөн удаагийн аварга, Бүрд сумын соёлын төвийн эрхлэгч А.Энхбаатар морь, бөхийн цол дууддаг, Баян-Өндөр сумын хөгжмийн багш Б.Заяахүү аймаг, бүсийн чанартай уртын дууны уралдааны тэргүүн, дэд байрын шагналтан болохыг аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Л.Пүрэвлхам хэлж байлаа.

Холбоотой мэдээ