ОХУ-тай тогтоосон харилцаагаа шат ахиуллаа

Монголын мэдээ | Тойм
ariunbold@montsame.mn
2019-12-01 12:31:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав



Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26-нд ёсчлон баталгаажуулав. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний энэ оны зургаадугаар сард өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ 36 удаа 105.9 цаг хэлэлцэн, энэ сарын 14-нд баталсан. Нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн юм.


1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш хөндөж, УИХ-ын гишүүд дөрвөн удаа төсөл өргөн барьж байв. Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан нь нийгмийн захиалгыг тодорхой хэмжээнд биелүүлсэн алхам болсныг Ерөнхийлөгч Х.Баттулга ёслолын үеэр онцлов. Хэдийгээр энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгохоос эхлээд олон зүйлсийг орхигдуулсан ч улс орны эрх ашиг, үндэсний эв нэгдлийг эрхэмлэх үүднээс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлох нь зөв хэмээн үзсэнээ Ерөнхийлөгч дурдлаа.


Ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн өдөр ёсчлов.


Хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх оноос тэтгэмж олгоно



УИХ-ын чуулганы энэ сарын 28-ны нэгдсэн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг гишүүдийн 65 хувийн саналаар батлав.


Өнөөгийн байдлаар, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт нэг жил 205.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшнээр ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцын холбогдох заалтыг зөрчиж байгаа юм. Тиймээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлыг тогтоолд тусгажээ. Тогтоолыг баталснаар нийт хүүхдүүдийн 85-90 хувь хүсэлт гаргана хэмээн холбогдох албаныхан тооцож буй юм. Нийт хүүхдийн 85 хувьд олгоход улсын төсвөөс 13 тэрбум, 90 хувьд олговол 36 орчим тэрбум төгрөг нэмж гаргах аж.


ОХУ-тай Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл тогтоох гэрээг соёрхон батлав



УИХ-ын чуулганы энэ сарын 29-ний хуралдаанаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээг соёрхон батлах тухай хуулийг соёрхон батлав.


Гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар энэ оны есдүгээр сарын 3-нд  Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана гэж заажээ.


Хуулийг баталснаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хоёр улс бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хоёр талын худалдааг хурдацтай хөгжүүлж, бизнесийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдэж буй юм.


Австрали улсад хүмүүнлэгийн тусламж олгоно



Монгол Улсын Засгийн газар Австрали улсад 45 мянган ам.доллартай тэнцэх хүмүүнлэгийн тусламж олгох болжээ.


Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарсны улмаас зургаан хүн нас барж, их хэмжээний эд материалын хохирол учраад байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 28-ны хуралдаанаар хүмүүнлэгийн тусламж олгох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна. 


Ташрамд дурдахад, Монгол Улсын 7000 гаруй иргэн Австралид амьдардаг бөгөөд ихэнх нь Шинэ Өмнөд Уэльс мужид байдаг аж. Эдгээр иргэн 4000 гаруй австрали долларын хандив цуглуулж, Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хандивлахаар болсон байна.


ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томиллоо



Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг энэ сарын 29-нд томиллоо. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлөв.


ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018 оны 11 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Холбоотой мэдээ